Дэлхийн эрүүл мэндийн ассамблей үргэлжилж байна

2023 оны 05-р сарын 24 өдөр, 15 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
photo_2023-05-24_07-56-03

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 76 дугаар чуулганы хуралдаан энэ өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др. С.Төгсдэлгэр оролцож, чуулганы ерөнхий хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд үг хэллээ. Тэрбээр Монгол Улс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 60 жилийн хамтын ажиллагааны хугацаанд монгол хүний эрүүл мэндийг сайжруулах, нэн ялангуяа эх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулж, халдварт болон халдварт бус өвчлөлд хүргэж, хүний амьдралын чанарыг доройтуулж буй нийгэм, эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах зэрэг олон чиглэлээр засгийн газарт мэргэжил арга зүйн болоод бодлогын үнэтэй зөвлөмж өгсөөр ирснийг Засгийн газраас өндрөөр үнэлдэг болохыг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Тухайлбал, хуулийн хүчин чадалтай олон улсын гэрээ болох Тамхины хяналтын суурь конвенци, цаашилбал Олон улсын эрүүл мэндийн дүрмийг батлуулж чадсан амжилтаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд дундаа норматив хэм хэмжээг тогтоох эрх бүхий байгууллага болон хөгжсөн төдийгүй олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудлыг зохицуулахад тэргүүлэх чиг үүрэгтэй манлайлагч байгууллага болохыг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч байна гэлээ.
Монгол Улсын хувьд 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элссэн бөгөөд энэ хугацаанд манай улсад эх, нялхсын эндэгдэл бараг 7 дахин буурсан бөгөөд монгол хүний эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түүхэн амжилтаараа бахархаж болох ч эдгээр амжилтад хэрхэвч тайвширч болохгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Др. С.Төгсдэлгэр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах чиглэлээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн чухлыг онцлоод Монгол Улсын Засгийн газраас цар тахлын болон бусад хүчин зүйлсийн улмаас эрүүл мэндийн үзүүлэлтүүд буурч, ухралтууд бий болсон ч алдсан цаг хугацаа, эрүүл мэндийг сэргээж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээж авсан амлалт, үүргээ биелүүлэхийн төлөө улам бүр шаргуу ажиллах шаардлагатай байна гэлээ.
Чуулган энэ сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх