Монголын Үндэсний Бөхийн Холбооноос тав дахь удаагаа зохион байгуулсан “Бөх цоллоочдын улсын уралдаан”-д Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаас нийт 110 гаруй хүн бүртгүүлэн, оролцлоо. Монгол Бөхийн Өргөөнөө гурван өдөр үргэлжилсэн уг уралдааны гурван шатны шалгаруулалтаар Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Адьяагийн Хатанбаатар тэргүүн байр эзэлж, “Өргөмжлөл”, нэг сая төгрөг гардлаа.
Тэрбээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд биологийн багшаар ажилладаг бөгөөд Улсын уралдаанд анх удаагаа оролцон түрүүлсэн юм. Дэд байрт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Төв аймгийн Баян сумын харьяат, улсын засуул Энхтуяагийн Хүрэлбаатар, гутгаар байрт Улаанбаатар хотын БЗД-ийн Соёлын ордны хөөмийч Мөнхбатын Нямдорж, дөтгөөр байрт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын засуул Бүдрагчаагийн Булгаа, тавдугаар байрт Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат, Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Бат-Очирын Мягмардорж, зургаадугаар байрт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын дэд засуул Лхагвасүрэнгийн Анхболд нар тус тус шалгарлаа. Мөн Монголын засуулууд дундаас төрсөн анхны СГЗ, Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, улсын тонж манлай засуул Дашдондогийн Цогзолын нэрэмжит шагналыг улсын уралдаанд долоодугаар байрт шалгарсан Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Намсрайн Зоригтбаатарт МҮБХ-ны зүүн, баруун талын засуулууд гардуулсан юм.
Тус уралдааны ерөнхий шүүгчээр МУСГЗ, Улсын начин С.Эрхэмбаяр, шүүгчээр МУАЖ, хүндэт профессор, цэргийн заан Д.Түвшинжаргал, МУГЖ, уртын дууч, улсын ахлах засуул, улсын бөх цоллогч Б.Мөнхбаатар, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн, улсын харцага Д.Батболд, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны менежер, улсын ахлах тайлбарлагч С.Гантөр нар ажиллалаа.
Улсын тавдугаар уралдаанд эхний байрт шалгарсан засуулуудад Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд бөх цоллох эрх олгосон юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО