Жил бүрийн 5 дугаар сарын 18-ныг Олон улсын музейн өдөр болгон тэмдэглэдэг. Уг өдрийг тохиолдуулан Музейгээр амьсгалж, музейн сонин хачинаас үзэгч түмэндээ танин мэдүүлж, соён гэгээрүүлэх буянтай үйлсэд хүчин зүтгэж яваа Байгалийн түүхийн музейн тайлбарлагч Г.Буянжаргалтай ярилцлаа. Тэрбээр Үлэг гүрвэлийн төв музейгээс Байгалийн түүхийн музейд шилжин ажиллаж байгаа ажил мэргэжил, хэл усны арвин туршлагатай нэгэн юм.
– Та Музейн тайлбарлагч болоод хэр удаж байна вэ?
– Би нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн. 1982 онд Орос руу явж ЗХУ-Баатар хот Минск Хотын Технологийн Дээд Сургуулийг дүүргэж, хими технологич мэргэжлээр төгсч ирсэн. Тухайн үед буюу 1989, 1990 оны зах зээлийн ид шилжилтийн үед нийгмийн амьдрал бүхэлдээ тогтворгүй болоход би ч мөн адил мэргэжлээрээ удаан ажиллах боломжгүй болсон.
Тиймээс хэсэг хугацаанд хувиараа ажиллаж байгаад 1998 онд АНУ -ыг зорьсон. Энэхүү өндөр хөгжилтэй оронд хэл соёл эзэмшиж ирээд 2013 онд Үлэг гүрвэлийн түүхийн музейтэй холбогдсон түүхтэй. Гэвч тухайн үед 48 настай, насны хязгаар заагаад ажлын сонголт бага байсан учраас дахиж Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчийн чиглэлээр сураад 2013 оны 5- дугаар сард төгсч байлаа.
– Музейн тайлбарлагч байна гэдэг нүдээр харахад хялбар юм шиг. Гэвч цаг тутам танин мэдэхүйгээ хөгжүүлэх шаардлагатайгаас эхлээд ер нь энэ ажлын онцлог юу вэ?
-Юуны түрүүнд хүнтэй ажиллана, өнөөдөр хамгийн чухал зүйл харилцаа хандлага болоод байгаа. Тийм учраас маш тэвчээртэй, мэдрэмжтэй, арга зүйн барилтай, нээлттэй, ур чадвартай, өөрийгөө болон ард иргэдийг соён гэгээрүүлнэ гэдэг утгаараа маш их уншиж танин мэдэхүйн өргөн мэдлэгтэй байх ёстой. Нөгөө талаас миний харилцааны соёл ээжээс минь өгөгдөлтэй. Дээр нь өөрийгөө маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Манай Байгалийн түүхийн музей бусад музейгээс өөрийн гэсэн онцлогтой. Учир нь эндээс хими, физик, газар зүй, геологи, хүннү үүсэл, антропологи гээд шинжлэх ухааны танин мэдэхүйн мэдлэгийг цогцоор нь авах боломжтой.
-Одоогоор хэдэн үзмэр дэлгэгдэж байна вэ?
– Үлэг гүрвэлийн төв музей, Байгалийн түүхий музей хоёр албан ёсоор 2019 оны долдугаар сард нэгдэж тухайн оныхоо наймдугаар сарын 1-нээс хамтдаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үед би 2019 оноос Байгалийн түүхийн музейд тайлбарлагчаар орсон нь мөн л миний хувьд шинэ салбар. 2020, 2021 онд ковидын улмаас зогсонги байдалтай байж байгаад 2022 оноос үйл ажиллагаа маань тогтворжиж байгаа. Одоогоор манай түүхийн музейд ойролцоогоор 13 мянган үзмэртэй гэсэн мэдээлэл бий. Гэвч одоогоор 30,40 хувь нь л дэлгэгдсэн байгаа.
-Музей үзэх нь хүн бүхэнд гэгээлэг гоё мэдрэмж төрөх нь лавтай. Иймд та ямар зарчмаар ажилладаг вэ?
-Юуны түрүүнд нүд баясч, сэтгэл сэргэдэг. Тийм учраас нэг ч гэсэн хүнийг музейн сонин хачинаар аялуулж, хүссэн үзмэрийнх нь талаархи мэдээллийг бүрэн өгөхийг хичээдэг. Музейд монгол орны бүхий л соёлын өвүүд байдаг учраас маш зарчимч байх ёстой гэсэн чиг шугамыг баримталдаг. Өөрөөр хэлбэл, музейгээр дамжуулж ард иргэддээ юу өгч болох вэ гэдэг л миний ажлын гол зарчим юм уу даа.
– Музей тайлбарлагч байхын сайхан нь юу вэ?
-Энэ тухайд ард иргэддээ хөгжил баясал, соёл түгээж байгаа. Хэдийгээр тайлбарлагчаар бэлтгэгдсэн ч гэсэн ямар музейд очиж байгаа билээ гэдгээсээ хамаарч илүү ихийг таньж мэдэхийг эрмэлзэх нь чухал. Тухайлбал, аливаа улс гүрэнд аялаж яваа хүмүүс хамгийн түрүүнд тухайн орныхоо байгалийн түүхийн музейг үздэг. Яагаад гэвэл музейгээс тухайн улс гүрнийг таньж, хэр үзмэрийн баялагтай, ямар амьтан ургамалтай, газар зүйн байрлал нь ямар юм гэдгийг товчоор мэдэх боломжтойгоороо давуу талтай.
-Иймд таны хобби, сонирхол юу вэ?
– Аялах дуртай. Гэвч гадаадад олон жил амьдарсан, монголдоо ирээд зуны улиралд амрах завгүй жуулчид ирдэг учраас монгол орноороо явж амжаагүй л байна. Удахгүй тэтгэвэртээ суугаад эх орноороо бүтэн аялана даа. /Инээв./ Гэвч монголынхоо газар нутаг, онцлог, бахархалт зүйлүүдийн талаархи мэдээллийг зохих түвшинд мэдэж авч байгаа.
-Тийм шүү, нутаг нутгийн онцлог бахархал гэж байдаг даа. Энэ талаар?
– Миний бодлоор жуулчид гэхээс илүү монголынхоо үзэгчдэд үзмэрээ сонирхуулах дуртай. Тухайлбал, солирыг манай Говь-Алтай аймгаас оллоо гэхэд л үүгээр дамжуулаад төрсөн нутгийнхаа нэг бахархлыг таниулчих жишээтэй. Харин миний хувьд очсон улс орныхоо хамгийн түрүүнд музейг нь үздэг. Өмнө нь музейн тайлбарлагч болоогүй байхдаа танин мэдэхүйн талаас үздэг байсан бол одоо үйлчилгээ нь ямар байна, бичмэл тайлбар нь ямар байна, бусад санаа авах зүйл юу байна гэдэг талаас нь үзээд нэг ёсны хобби болчихож дээ.