Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Словени улсын Ойн алба, Ойн хүрээлэн болон Шинжлэх ухааны академид зочлов

2023 оны 05-р сарын 17 өдөр, 14 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Ойн-хүрээлэн-2-1536x1148

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 16-ны өдөр Словени Улсын Ойн алба, Ойн хүрээлэн болон Шинжлэх ухааны академид зочлов.

Словенийн Ойн алба, Ойн хүрээлэнгийн удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, лабораториудаа танилцуулж, ойн менежментийн чиглэлээр манай улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Словени Улсын газар нутгийн 60 орчим хувийг ой эзэлдэг бөгөөд ойн менежментийн төлөвлөлтийг боловсруулах, ойг хамгаалах, ойн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, ойн сав газарт зам барих, засварлах, зэрлэг ан амьтдыг хамгаалах, ой эзэмшигчдэд зөвлөгөө өгөх, иргэд болон хүүхэд багачуудад ойн боловсролыг олгох чиглэлээр европын тэргүүлэгч улс юм.

Сайд Б.Батцэцэг “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, манай улсын Европын Холбоотой байгуулсан “Ойн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд хамтын ажиллагааг эхлүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиров.

Мөн ой хамгаалах талаар олон нийт, түүний дотор бага насны хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх талаар туршлага судлахаар тогтов.

Ойн хүрээлэн нь ойн физиологийн лаборатори, ойн генетикийн лаборатори, ойн экологийн лаборатори, электрон хэрэгслийн лаборатори зэрэг 10 гаруй байгууллагыг удирдлагаар ханган ажиллаж байна.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Жосеф Степаны нэрэмжит Шинжлэх ухааны академид зочилж, Хиймэл оюун ухааны төвийн захирал Митиа Йермолтой уулзав.

Захирал Митиа Йермол төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлж, ЮНЕСКО-той хамтран хэрэгжүүлж буй төсөл, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг танилцуулав.

Түүнчлэн хиймэл оюун ухааны салбарт хувийн хэвшил, судлаач нартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа словенийн тал уулзалтын үеэр илэрхийлж,  уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй зэрэг манай оронд чухал салбарын хөгжилд хиймэл оюун ухааныг ашиглах, мэдээллийг боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх