Монгол-Солонгосын Сэтгүүлчдийн хоёрдугаар форум болж байна

2023 оны 05-р сарын 15 өдөр, 18 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a423b1913da9818117865be748ac083a

Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум БНСУ-ын Сөүл хотноо эхэллээ. Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ? Түүнд сэтгүүлчдийн оролцоо сэдвийн дор хоёр орны сэтгүүлчид хуралдаж буй. Дэлхийн дулаарал, түүнээс үүдэлтэй байгаль орчны асуудал нь хоёр улсын хувьд тулгамдсан асуудлын нэг мөн. Үүнд сэтгүүлчид хэрхэн манлайлал үзүүлэх вэ гэдгээ энэ удаагийн хурлаар зөвлөлдөх юм.

Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж үг хэллээ. МСНЭ-Солонгосын сэтгүүлчийн холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд арван жил. Санамж бичиг зурж ажил хэрэг болгоод 9 жил болж байна. Энэхүү хамтын ажиллагааны эхлэлийг тавьж, мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа. Хоёр байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хамтран ажиллаж буй Солонгосын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон түүний багт талархаж байна. Энэхүү ахиц дэвшлийн хүрээнд Монгол-Солонгосын сэтгүүлчдийн холбооны хоёрдугаар форум БНСУ-д болж буйд талархалтай байна. Энэ удаагийн форум үр өгөөжтэй болж, сэтгүүлчид байгаль орчныг хамгаалахад том оролцоотой тоглогчид гэдгээ ярилцан, хоёр улсын сэтгүүлчид хоорондоо туршлагаа хуваалцсан ажил хэрэгт болно гэдэгт итгэж байна хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Мөн форумын үйл ажиллагааг нээж Солонгосын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун хэлэхдээ: 4 жилийн өмнө Улаанбаатар хотод бид чуулж байсан. Ковидын цар тахлын улмаас форум 4 жил завсарлаад ийнхүү өнөөдөр хуралдахаар цугларсанд таатай байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна хэмээн онцоллоо.

Форумын хүрээнд 4 илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр- Байгаль орчны сэдэвт сэтгүүлчийн манлайлал, МСНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар- Цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо, БНСУ-ын байгаль орчны яамны харьяа ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн нар Дэлхийн дулааралд улс орны хохирол сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өглөө.

Монгол Улсын хувьд дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй орны нэг. Дэлхийн дулааралд сөрөг нөлөөг бага үзүүлж байгаа ч эргээд хамгийн их хохирол амсаж буй тухай Грийнфийс олон улсын байгууллагын мэргэжилтэн онцлон тэмдэглэв. Тухайлбал аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн оронтой харьцуулахад хэдэн зуу дахин хохирч байгаа гэдгийг тодотголоо.

Монгол улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж  буй орны нэг бол БНСУ. Тус улсын байгаль орчны яамны зүгээс 1990 оноос хойш Монгол улсад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж иржээ. Тухайлбал 2007-2016 оны хооронд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт ойжуулах ажлыг хийжээ. Тус ажлын хүрээнд тодорхой газрыг ойжуулсан тухай танилцууллаа. 2017-2021 оны хооронд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажилд оролцож, дэмжлэгийг үзүүлжээ. БНСУ-ын байгаль орчны яамны дэмжлэгтэйгээр  Ой хээрийн түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажлыг 2022-2026 онд хэрэгжүүлэх юм. Энэ мэт хоёр орны хооронд хийгдэж буй байгаль орчны ажлаас гадна азийн бүс нутагт дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж буй тухай мэргэжлийн хүмүүсийн яриаг сонсож, сэтгүүлчид хоорондоо санал бодлоо солилцох зэргээр форумын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх