Д.Гантөмөр: Ахмадууд бидэнд ажиллах эрч хүч, итгэл сэтгэл дүүрэн байна

2023 оны 05-р сарын 13 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
344303023_969300360865732_6113430486121742022_n

Хүн өөрөө хувь заяагаа бүтээдэг. Түүн шиг амьдралынхаа эхний бөгөөд шинэхэн он жилүүдийг  хүүхдийн байгууллагаас эхэлж байсан  эдүгээ “Ухаарах ертөнц” ТТБ-ын тэргүүн Д.Гантөмөр  хороо дүүргийнхээ тусламж хүссэн иргэдэд тус дэм болж амьдрах итгэл, хүч дэм өгч яваа буянтан билээ. Нээрээ л угийн хөдөлмөрч, хичээнгүй санаачлагч хүмүүс тэтгэвртээ суусан ч  зүгээр суухгүй нийгмийнхээ сайн  сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажилладгийн тод жишээ энэ ажгуу.  Байнга сурч боловсорч, шинийг сэдэж, шинэ санаа дэвшүүлэн, өргөн түмэнд  тустай ажил үйлчилгээ юу байж болохыг овжин харж ажилладаг нь түүний бас  нэгэн тодотгол.  Тийм ч учраас эдгээр хүмүүс цаанаа л хийж бүтээх чин эрмэлзэлтэй, бусдад сайн сайхныг хүсдэг,  тусархуу зан чанар  шингэсэн байдаг юм билээ. Тиймдээ ч түүнд  эмэгтэй хүний мяндсан ухаан, бусдын зовлон жаргалыг ойлгох мэдрэмж нь зохион байгуулах авьяас, аливаад бодитой ул суурьтай хандах чадварыг хэдийнэ бий болгожээ.  Үүгээр зогсохгүй сүүлийн жилүүдэд хашаандаа хүнсний ногоо, жимс жимгэнэ тарьж, ургуулж,арчилж, тордож, эрүүл мэнддээ ач тустай, элдэв харшилгүй хүнс хэрэглэж эргэн тойрондоо эко орчин бүрдүүлж байгаа юм билээ. Энэхүү уйгагүй хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж  “Алтан гадас”одонгоор энгэрээ мялаажээ.

-Монголчууд хүнтэй уулзахдаа нутаг усыг нь асуудаг сайхан уламжлалтай. Эндээс бидний яриа эхлэх нь зүйтэй болов уу?

-Энэ талаар яривал аав, ээж маань Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул. Харин би Улаанбаатар хотод  төрж өсч бусад хүүхдүүдийн нэгэн адил бага нас маань хөгжил хөөрөөр дүүрэн өнгөрсөн.

-Хүүхэд насны боловсролоос тухайн хүний ирээдүйн зам нээгддэг. Иймд та хаана эрдэм  боловсрол эзэмшив?

Нийслэлийн 53  дугаар сургуулийг дүүргээд  хуулийн дунд сургууль, дараа нь тухайн үеийнхээр УБИС-ийн СӨНХ-ийн  сурган, сэтгэл судлаачийн ангийг багш сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн. Сурах хүсэлд хязгаар байдаггүй гэдэг шиг УБИС-ийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж нийгмийн ажилтан, сэтгэл зүйчээр мэргэшсэн. Улмаар Удирдлагын академийн төрийн удирдлагын төрийн алба нутгийн захиргааны байгууллага, нийгмийн ажлын онол, арга зүйн чиглэлээр, 2004 онд Хөгжлийн төв болон “Адра”олон улсын байгууллагын төслийн сургалтанд суралцаж, төслийн сургагч багшаар бэлтгэгдсэн гээд өөрийнхөө хэмжээнд багагүй хугацаанд суралцсан гэж боддог. Бахархах нэг зүйлийн тухайд манай 53  дугаар  сургуульд цанаар гулгадаг хүүхэд олон байсан. Тэдэнтэй мөр зэрэгцэн гулгасаар  байгаад 10 дугаар ангиа төгсөхдөө “Цанын спортын мастер”  болсон. Энэ жил сургуулийн 50 жилийн ой тохиож байгаа. Бид сургуулийнхаа анхны 10 дугаар анги төгсөгчид. Энэ хүрээнд 1978- 2000 оны төгсөгчдийн дунд гар бөмбөг, сагсны тэмцээн зохион байгуулагдахад оролцож амьдралын алтан үе, сурагч насаа дурсаад үнэхээр сайхан байлаа.

-Нэгэнт бид сэтгэлээ нээн ярилцаж байгаа учраас гэр бүл, үр хүүхдүүдийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй. Амжилттай яваа хүмүүсийн ард талд ажлыг нь ойлгож дэмждэг итгэл найдвар, сайн туслагчид байдаг шүү дээ?

-Том хүү Барилгын инженер. Бага хүү маань аялал жуулчлалын мэргэжилтэй ч гэлээ мэргэжлээ солиод тогооч болсон. Бүгд тусдаа гарсан. Хань маань Бүрнээ гэж хүн бий. Орос хэлний багш мэргэжилтэй.  Монголын Үндэсний дээд сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ суусан. Анх нөхрийгөө МУИС-ийг төгсөөд Гачууртын САА- д орос хэлний багшаар хуваарилагдан очсон эхний  хэдэн жил би яслийн асрагч хийсэн. Дөнгөж хэлд, хөлд орж байгаа алдрай жаахан хүүхдүүдтэй ажиллана гэдэг  үнэхээр баяр баясал, ядарна ч гэж үгүй. Удалгүй  МУБИС-ийн СӨНХ- д суралцаж төгссөн. Энэ үе буюу 1990 оны зах зээлийн давалгаа биднийг тойроогүй, бусдын адил хямрахдаа  хямарч явсаар 2000 оноос  БЗД-ийн Тамгын газарт анхны нийгмийн ажилтан болсон. Дараа нь мөн л тус дүүргийнхээ  10 дугаар хорооны нийгмийн ажилтан хийж байхдаа  иргэд рүү чиглэсэн олон бүтээлч ажлыг санаачлан хамт олныхоо хүчээр хийж, үр дүнд хүрч байсанд баяртай байдаг.  2013 онд тэтгэвэртээ суусан.

  -Угийн хөдөлмөрч дайчин хүмүүс хэзээ ч зүгээр сууж чаддаггүй юм билээ. Түүн шиг та бусаддаа тус дэм болох зорилгоор  “Ухаарах ертөнц” ТББ-аа  байгуулжээ. Энэ тухайд?

-Тийм ээ, тэтгэвэрт гарснаасаа хойш  ТББ-аа байгуулаад ажиллаж байна. Улс нийгмийнхээ сайн сайхны төлөө, нэг хүнд ч болов тус болох юмсан гэсэн сэтгэлээр зүгээр сууж чадахгүй юм байна шүү дээ. Ахмадууд бид хийе, бүтээе гэсэн чин эрмэлзэлтэй. Бидэнд ажиллах эрч хүч, итгэл сэтгэл дүүрэн байна. 65 хүртлээ ажилламаар байна.

– Танай ТББ-ийн гол зорилго юу вэ?

-Өрх толгойлсон эмэгтэй, нэн ядуу, эмзэг бүлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настан ахмадуудад тусламж үзүүлэх зорилготой. Сайн үйлс дэлгэрдэг учраас бусдын төлөө гэсэн хандив маань эзэддээ хүрдэг.  Гэвч аливаа зүйл хоёр талтай байдагчлан зарим үед  санаанд хүрэхгүй зүйл гардгийг үгүйсгэхгүй.

-Өнөөдөр дэлхий даяараа эко хүнсийг шүтэх болсон. Үүний нэгэн жишээ болсон  таныг  эрүүл хүнс тариалж, ургуулж, өөрөөр хэлбэл газрын шидээр өрхийн хүнсээ бүрдүүлж яваа шаргуу хөдөлмөрч хүн. Учир нь хавар болж байгаа энэ үед маш хэрэгтэй сэдэв болж таарлаа?

– Манайх хашаандаа хүнсний ногоо,чяцаргана, үхрийн нүд, мойл, жимс жимсгэнэ тарьдаг. Ингэж эко эрүүл хүнсээр гэр бүлийнхээ бүтэн жилийнхээ хэрэгцээг хангаж байна. Илүү гарсныг нь үр хүүхэд,  эргэн тойрондоо хүртээдэг. Ингэж өрхийн аж ахуй эрхэлж олон жил газрын шидийг мэдэрч явна даа. Бид урин цаг ирэхийн түрүүчээр  ургацын талбайдаа өнжинө, өдөржин арчилж тордоно гээд ажиллагаа ихтэй. Яаж илүү  чанартай ногоо, жимс тарьж болох  вэ, хэрхэн зөв ургуулж арчлах вэ гэдэг арга аргачлал зөвлөгөө их унших дуртай.

Дэлгүүрээс чанартай, чанаргүй ногоо авахын оронд өөрсдийн гараар тарьж ургуулсан хүнсээрээ  бүтэн жилийн турш хэрэглэнэ гэдэг маш их хэмнэлт шүү дээ. Ургацын талбайгаа түшиглээд хашаа хороо амьдрах орчноо ч цэвэр цэмцгэр байлгахыг ч давхар хичээдэг. Хамгийн гол нь хүлэмжиндээ хүнсний ногоог зөв үрслүүлж, ургуулах хэрэгтэй.

-Хүний амьдралыг чимдэг олон сайхан зүйл байдаг. Түүн шиг сэтгэлд тань мартахын аргагүй олон сайхан дурсамж тодхон үлдсэн байгаа даа?

– Тэгэлгүй яахав. Хүний амьдрал баялаг шүү дээ. Түүнээс онцолбол: охингүй учраас ач охинтой болсондоо маш их баярладаг. Хоёр ач охин, гурван ач хүүтэй. Тэднийгээ харж баясах бүрт үртэй хүний жаргалыг мэдэрдэг. Ялангуяа  охид маань өвөө эмээдээ их ээлтэй, бас сайн бэрүүдийн буянд сэтгэл санаа амар амгалан байх юм аа. Одоо таван ач зээтэй болоод байгаа.  Хүүхдүүддээ залхуу хойрго байж болохгүй, ажлыг голохгүй хий, тэгвэл та нарт аяндаа л үр өгөөж нь ирнэ гэж захидаг юм.

 – Таны хэлэх дуртай үг тань?

-Амжилт амжилт, амжилт гэж хэлэх дуртай. Нүүр номоор минь дүүрэн найзууддаа хүссэн амжилтууд. Хүн болгонд л амжилт хүсье гээд байх нь тэр.

-Өнөөдөр бид ороо бусгаа нийгэмд амьдарч байна. Таныхаар өнөөгийн нийгмийн хамгийн тулгамдсан асуудал гэвэл юу байх юм?

– Бид социализмын үеийн бүтээгдэхүүн, түүгээр сурч, боловсорч бэлтгэгдэж ирсэн. Хэдийгээр ардчиллын туг мандаж монгол эх оронд минь эрх чөлөө ирсэн ч гэлээ түүнийг дэндүү буруу талаар нь эргүүлсэн. Авах гээхийн ухаанаар биш, дандаа ашиг сонирхлын үүднээс хувьдаа завших гэсэн шуналтай, улс орноо гэсэн сэтгэлгүй хүмүүсийн балгаар 32 жил болж адаг сүүлдээ ард түмний ийм хэмжээнд хүртлээ доройтлоо. Ард түмэн өнөөдөр ядуу байгаа нь төрийн толгойд гарсан хүмүүс хайр найргүй идэж цөлмөөд эрх тэгш бус байснаас үүдэлтэй. Улсын 46 үйлдвэр байсан бүгд хувьд шилжсэн. Хэрэв энэ бүгд байсан бол өнөөдөр бидний үр хүүхэд ажил төрөлтэй, төр улсынхаа буян хишгийг хүртээд  явах байлаа. Улс эх орны хөгжил болоод  ард түмэндээ ч хэрэгтэй байх байсан. Ажилгүйчүүд олширч байгаа нь мөн л үүнтэй холбоотой. Үүнд жаахан бухимдаж явдаг. Социализмын үеийн бүх хүн ажилтай, үр хүүхэд нь сургууль цэцэрлэгтэй байсан үе ард хоцорчээ.Сайхан цаг ирнэ л гэж найдаж суухаас даа.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх