Сувилагчдын баярыг “Бидний сувилагч-бидний ирээдүй” уриан дор тэмдэглэж байна

2023 оны 05-р сарын 12 өдөр, 19 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
24eaea86b422104bd707f6679e8117f0_x3

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс Английн иргэн “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч гэж үзэн түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ныг сувилагчдын баярын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг болсон юм.

Хорвоод анх ирж буй бяцхан иргэний уйлах дуунаас эхлээд хүний амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч эрхэм сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдийг алдаршуулах,  тэдний үйл хэргийг нийгэмд таниулах зорилгоор энэ өдрийг дэлхийн соёлт хүн төрөлхтөнтэй хамтдаа 1995 оноос хойш тэмдэглэж байгаа юм.

Энэ жилийн сувилагчдын өдрийг тохиолдуулан “Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагын 1100 гаруй сувилагч оролцов.

Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган гурван сувилагчид Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээж  олон хүнийг төрийн дээд одон, медалиар шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэллээ.

“Бидний сувилагч-Бидний ирээдүй” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцож сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баярын илгээлт явуулж сувилагчдад онцгойлон талархал илэрхийллээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлгч Эваристе Коуасси нар үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. Мөн сувилагчдыг төлөөлж Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УНТЭ-ийн Гемодиализын тасгийн ахлах сувилагч Н.Наранцацрал, Б.Гантулга нар үг хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх