Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байна

2023 оны 05-р сарын 08 өдөр, 14 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
64588cc618164615ff1e6ec9

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр үе шатанд бүтээн байгуулсан Баянхошуу дэд төвийн үйл ажиллагаатай Азийн хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүд танилцаж, газар дээр нь ажиллалаа. Тодруулбал, тус банкны ТУЗ-ийн дарга бөгөөд Япон Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Такахиро Ясуи, Монгол Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Нур Ахмед, Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Итали Улсыг төлөөлсөн гүйцэтгэх захирал Сержио Лугареси тэргүүтэй төлөөлөгчид төслийн хүрээнд барьсан 126 айлын орон сууц, Баянхошуу дэд төвийн  бизнес инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга бөгөөд төслийн захирал Г.Ганхүү, төслийн зохицуулагч Д.Авирмэд нар бүтээн байгуулалт, түүний үр дүн, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудын талаар зочдод танилцууллаа.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн нэгдүгээр шатанд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр бүтээн байгуулалт өнгөрсөн онд дууссан бөгөөд дараагийн үе шат болох Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт өрнөж буй.

Зөвлөлийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд барьсан 126 айлын орон сууцны барилгатай танилцлаа. Энэхүү орон сууцны барилгыг Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу барьсан бөгөөд оршин суугчид нь түрээслээд өмчлөх боломжтой юм. Түүнчлэн Баянхошуу дэд төвийн бизнес инкубатор сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцаж, үйлчлүүлэгч, ашиглагчдын санал, сэтгэгдлийг сонслоо. Мөн тэд дэд бүтцийн шугам сүлжээг шийдэж гэр хороолол дунд бүтээн байгуулсан авто зам, гүүр, тохижилт, ногоон байгууламжуудын ажлууд, цаашид дэд бүтцээ түшиглэн орон сууцжуулах төлөвлөгөөний талаар санал солилцсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэл болон бусад асуудлыг шийдэхэд эдгээр дэд төв чухал үүрэг гүйцэтгэнэ. Төслийн хүрээнд нийслэлийг олон төвтэй болгон хөгжүүлэх, энэ хүрээнд нийгмийн дэд бүтцийг шийдэх, үүндээ тулгуурлаад иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахтай холбоотой ажлуудыг хийж байна. Одоогоор Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт дууссан. Мөн Толгойт, Дамбадаржаа дэд төвийн бүтээн байгуулалт 35 хувьтай байгаа бол Шархад, Дэнжийн 1000-ын дэд төвийнх 15 хувьтай үргэлжилж байна хэмээлээ.

Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд хамгийн ихээр тулгамдаж буй инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн гэрээний сунгалт, зөвлөх үйлчилгээг нийслэлийн зүгээс онцгойлон дэмжиж ажиллана гэдгийг тэрбээр онцолсон юм.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх