УИХ-ын дарга Г.Занданшатар: Математикийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг Боловсролын багц хуулийн шинэчлэлд тусгах боломжтой

2023 оны 05-р сарын 02 өдөр, 15 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
c39fa3b7aff349138e0ae2335abcc3d4

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.05.02) Монгол Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Уулзалтад Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн математикийн багш, Улсын математикийн 59 дүгээр олимпиадыг зохион байгуулах комиссын дарга З.Бат-Эрдэнэ, Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр, Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Н.Манлай, “Сант” сургуулийн математикийн багш Ш.Сарангэрэл, Улсын математикийн 59 дүгээр олимпиадын ахлах ангиллын аварга, “Сант” сургуулийн  сурагч Д.Энэрэлт, тус олимпиадын дунд ангиллын аварга, Увс аймгийн “Эрдмийн эхлэл” сургуулийн сурагч Э.Амаржаргал болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн олимпиадыг Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн 100 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд тус олимпиадын гурвын даваанд 21 аймаг, нийслэлийн 6 дүүргээс шалгарсан 176 сурагч, 68 багш оролцож, шилдгүүдээ тодруулжээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Бүх шинжлэх ухааны суурь нь математик бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага байна. Улсын Их Хурлаар Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед математикийн боловсролыг дээшлүүлэх нэгдсэн хөтөлбөртэй болох асуудлыг шийдвэрлэнэ” гээд Монголын математикийн олимпиадын хорооны багш, удирдлагуудыг хуулийн төсөлд тусгах саналаа бичгээр ирүүлэхийг хүсэв. Мөн тэрбээр, “Улсын Их Хурлаас багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэхээр ажиллаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Цаашид боловсролын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, математик болон байгалийн шинжлэх ухааны чиглэлийн багш нарыг бэлтгэх, нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарч ажиллана” гэлээ.

Монголын математикийн олимпиадын хорооноос 2027 оны Олон улсын математикийн 68 дахь олимпиадыг эх орондоо зохион байгуулах эрхийг авахаар ажиллаж байгаа. Мөн охидын математикийн авьяас ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Охидын математикийн олимпиад”-д монголын баг амжилттай оролцдог ч зардлын асуудлаас үүдэн төдийлөн олон хүүхдийг оролцуулж чадахгүй байгааг Монголын математикийн олимпиадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ү.Отгонбаяр дуулгасан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын математикийн олимпиадын хорооны санал, санаачилгыг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд Улсын математикийн 59 дүгээр олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн сурагчдад баяр хүргэв. Тэрбээр, Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны их спорт болон математикийн шинжлэх ухааныг шимтэн, амжилт гаргаж байгаад баяртай буйгаа илэрхийлээд дүнгийн төлөө бус ур чадвартаа анхаарахын чухлыг захив. Орчин цагт суралцах үндсэн мэргэжлээ хосоор нь сонгож “хос морьтой хол явах” нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.

Монголын математикийн олимпиад нь тасралтгүй 59 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд 2024 онд Өмнөговь аймагт 60 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулахаар товлосон бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарыг хүндэт зочноор оролцохыг Монголын математикийн олимпиадын хорооноос урилаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх