“Энэ хорвоогийн хамгийн үнэт зүйл эрүүл мэнд” хэмээн ажил мэргэжлээрээ бахархах дуртай ” Энхсонор” эмнэлгийн Чих хамар хоолойн эмч, АУ-ны магистр Н.Энхтуяаг энэ удаагийн ярилцлагандаа онцоллоо. Учир нь 10 дугаар ангиа онц дүнтэй төгссөн тэрбээр зөв хүн байхын утга учрыг эрхэлсэн ажлаараа харуулж Энхтуяа эмч дээр л ирвэл эдгэрлийг олно гэсэн итгэл сэтгэлийн дор өвчиндөө шаналсан олон хүнд авралын гараа сунгаж, ачлал энэрлээ өгч яваа ачтан юм. Зөвхөн өвчнийг нь эмчлээд зогсохгүй, сэтгэл санааг нь үгээр засч, урмаар тэтгэж, зүрх сэтгэлийг эмээр биш энэрлээр эмчилж яваа нь түүний бас нэгэн тодотгол ажээ.
– Ихэнх хүмүүс багаасаа, эмч багш болохыг хүсч мөрөөддөг. Иймд хоёулаа яриагаа таны эмч болсон түүхээс эхэлье?
– Миний ажил амьдралын гараа Хан -Уул дүүргийн Амбулатори- I эмнэлгээс эхтэй. Тэртээ 1992 онд тухайн үеийнхээр АУДэС-ийн эмчилгээний ангийг төгсч дотрын эмчээр ажиллаж байгаад Чих хамар хоолойн резиндет эмчээр сураад Чихэр хамар хоолойн эмч гэдэг эрхэм сайхан мэргэжлийг эзэмшсэнээс хойш нэг л мэдэхэд 30 гаруй жилийг ардаа үджээ. Он жил өнгөрөхийн хэрээр ажил мэргэжилдээ улам их дурладаг болоод байгаа. Энэ хугацаанд бие биесээ хөглөж, зөвлөн тусалж, хамтран ажилласан олон чадварлаг эмч нар бий. Мэргэжлийнхээ чиглэлээр цуцашгүй суралцаж, сурч мэдэхийн хүслэн болсон тэднээсээ маш ихийг сурч, эдүгээ хэрэгжүүлж яваадаа баяртай байдаг. Тухайлбал, Өлзийбаяр доктор маань ЭНЭШТ-ийн Чих хамар хоолойн тасгийн эрхлэгчээр олон жил ажилласан хэлгүй дүлий хүмүүст сонсгол оруулах дурангийн суулгац хагалгааг монголд анх удаа оруулж ирж нутагшуулан олон аав ээжийн хүүхдийг хорвоог сонсох сонсголтой болгосон гавьяатан. Энэ гайхамшигтай эмчээрээ насан туршдаа бахархаж явдаг. Миний бие ч гэсэн тухайн хүнийг эмчлэхээс гадна сэтгэл зүйг нь давхар эмчилж, аливаа ажилд харилцаа хандлага хамгийн чухал юм байна гэдгийг олон жилийн туршлагаасаа харж, мэдэрч байна. Энэ утгаар эмчилж эдгэрүүлсэн өвчтөнүүдээс минь баяр талархлын үг өдөр бүр ирдэг.
-Таныг чих, хамар хоолойн мэргэжлийн эмч учраас тодотгож асууж байна л даа. Учир нь өнөөдөр теник технологийн эрин зуун, нийгмийн асар хурдацтай хөгжлийг дагаад гар утас, компьютерын хэрэглээ их болсон. Үүнээс улбаатай хүний эрүүл мэнднд сөрөг талуудыг ихээхэн дагуулж байгаа нь нууц биш. Дээр нь чихэвч зүүх, компьютерийн ард удаан суух гээд ……Энэ тал дээр зөвлөхгүй юу?
-Тиймээ, даяарчлал, техник технологийн эрин үед чихэвчний хөгжмийн хэрэглээ маш их байгаатай холбоотойгоор ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд анхаарал сулрах, мэдрэлийн ядаргаанд орсноос чихний сонсгол маш их буурах, утсаар оролдож орой унтсанаас болж сонсгол буурч байна. Үүнээс болж хичээл зааж байгаа багшийнхаа ярианд анхаарал төвлөрөлт буурсан. Энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл ажил мэргэжлийн талбар дээр чадвар муутай боловсон хүчин гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас эцэг эхчүүд цаг алдалгүй өнөөдрөөс л хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй. Хүний сонсгол хүлээж авах түвшин гэж байдаг. 60 дцб-ээс дээш дуутай дуу авиа удаан сонсвол чихний сонсголд өөрчлөлт ордог. Тийм учраас зохих түвшинд нь тааруулан сонсч, гар утасны хэрэглээгээ багасгах ёстой. Хараанд хүртэл сөргөөр нөлөөлдөг. Чихний сонсгол буурснаас мэдрэлийн ядаргаанд орж, чихэнд шуугиан үүсдэг. Тиймийн тулд унтах цагтаа амарч, утсыг цагийн хязгаартай хэрэглэж занших нь чухал байна.
-Нүдэнд ил, хүний хамгийн гол эрхтэнүүд болох чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ялангуяа хуйсагнуур, тогтворгүй цаг агаартай хаврын улиралд хүмүүс их гам алддаг шүү дээ?
– Чихэнд нөлөөлөх эрхтэн бол хамар байдаг. Хамрын амьсгал чөлөөтэй байж чих рүү агаар сайн орж, өөрөөр хэлбэл чих хамрыг холбосон гуурс сайн ажиллаж байж сонсгол хэвийн байдаг. Тийм учраас хамрын амьсгалд маш их анхаарал тавих ёстой. Иймээс эцэг эхчүүд амралтын өдрүүдээр хүүхэдтэйгээ агаар салхинд сайн гарч, ханиад хүрсэн үед хамрын дусаалгыг хэрэглүүлнэ. Ханиадтай удаан явснаас гамрит үүсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд агаарт тогтмол гарах ёстой. Хэрэв гамрит үүссэн бол рентгенд зураг авахуулаад хамрын дусаалга болон физик эмчилгээ, антибиотик зэрэг тохирсон эмчилгээ хийлгэвэл гамрит эдгэрдэг. Улмаар дуу хоолой өөрчлөгдөж залгиур хоолой руу идээ орсны улмаас үрэвсэх талтай. Ялангуяа энэ хавар нэг хүйтрээд, нэг дулаараад байгаа учраас хоолойны ангина сэдрэх нь нэлээд ажиглагдаж байна.
-Манайхан хоолойны мах том жижиг гэх их ярьдаг. Энэ өвчнийг ямар үед шаардлагатай байдаг вэ?
-Хүмүүс хоолойны махны том, жижигт нь ач холбогдол өгөөд байдаг. Үнэн хэрэгтээ гүүлсэн булчирхай 16 нас хүртэл жижгэрэх ёстой. Гэтэл жижгэрэхгүй, амьсгалд саад болоод, хурхираад байгаа үед авах заалт байдаг. Гэхдээ жилд хэдэн удаагийн давталттай өвдөж байна вэ гэдгээс хамаарч, жишээ нь жилдээ таваас дээш удаа идээлж өвддөг, эсвэл гурван жилд гурав, гурван удаа дараалан идээлж өвдсөн үед хоолойны махыг авдаг. Дээр нь үе мөчний шинжилгээ өгнө. Энэ шинжилгээгээр дөрвөн үзүүлэлт өндөр гарвал зайлшгүй авах заалтанд орно гэсэн үг. Хэрэв хувь хүн өөрөө авахуулахыг хүсэхгүй бол архаг үрэвслийг намдаах зорилгоор тохирсон эмчилгээнүүд байдаг. Мөн бага насны хүүхдүүд шөнө дунд амьсгал нэг хэсэг тасалдаад, буцаж амьсгал аваад байгаа тохиолдолд нармайн булчирхайн зураг авахуулаад гурваас дээш зэрэг гарвал мэс заслын аргаар авахуулах нь төгс эмчилгээ юм.
-Чих шуугих нь юутай холбоотой вэ?
-Энэ нь нэгдүгээрт: ядаргаа, чихний сонсголын мэдрэл ядарсан болон хүчтэй дуу авиа сонссонтой холбоотой. Мөн чихний дотоод бүтэц, хэнгэрэг цоорсон, механик гэмтлийн улмаас чихний дотоод бүтэц алдагдсантай холбоотой байж болно. Чих шуугихыг намдаах төгс эмчилгээ гэж байхгүй. Харин багасгах, тухайн түвшинд нь барих гэсэн эмчилгээнүүд байдаг. Тийм учраас эдгээр хүмүүс маш сайн амарч, авах ёстой нойроо бүтэн авч байх ёстой. Хоёругаарт: компьютерийн хэрэглээг багасгах, жолоо барих, оюуны хөдөлмөрийн ачааллаа багасгах аргуудар чихний шуугианыг багасгахаас гадна В-гийн төрлийн витаминууд маш сайн. Үүнтэй тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг хавсарч хийлгэвэл үр дүнгээ өгдөг. Ялангуяа хаврын улирал ядардаг учраас хэрэгцээтэй амин дэмээ маш сайн хэрэглэх ёстой. Илүү уураглаг, витаминлаг, хүнсний ногоонуудыг хэрэглэж байж хаврын ядаргааг даван туулж чадна.
-Одоогоор танай эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдэж байна вэ?
-Чих хамар хоолойг эхо аппаратаар оношилж эмийн болон физик эмчилгээ,жижиг мэс ажилбарууд хийгдэж байгаа.
– Бидний яриа ажил мэргэжлийн талаар нэлээд өрнөлөө. Иймд ярианы сэдвээ жаахан өөрчилье. Хүний амьдралд олон сайхан баяр жаргалтай, мартагдашгүй мөч тохиодог. Түүнээсээ хуваалцахгүй юу?
-Амьдрал баян учраас баярлаж догдолж,сэтгэл хөдөлгөсөн олон зүйл байдаг. Түүнээс онцолбол: “Би олон эмчид үзүүлсэн хэрнээ оношийг маань олохгүй байтал та л миний өвчний шалтгааныг олж, би бүрэн эдгэрлээ гэсэн хүн ирж байсан. Бас таниар олон жилийн өмнө эмчлүүлж байсан юм, таныг хайсаар байж олж ирлээ гээд ороод ирэхэд огших жишээний. Мөн олон жил чих нь сонсголгүй явсан, маш их эмчилгээ хийлгээд сонсгол сэргэхгүй байсан өвчтөний хамар чихийг холбосон сонсголын гуурсыг онгойлгох дасгал хийлгэснээр тухайн хүн гэнэт сонссондоо маш ихээр баярлаж талархаж байсан удаатай. Энэ туршлага маань залуу эмч нарт хэрэгтэй юм болов уу. Тиймээс залуу эмч нар юуны түрүүнд гармон эмчилгээг санал болгохгүйгээр сонсголын гуурсаа шалгах хэрэгтэй.
-Та юунд их баярлаж, талархаж явдаг вэ?
-Юуны өмнө аав ээжийнхээ захиасыг биелүүлж, эмчийн мэргэжлийг сонгоод энэ мэргэжлээрээ алдаа дутагдалгүй ажиллаж яваадаа бахархдаг. Үүнд: миний суурь хүмүүжил их нөлөөлсөн. Цагийг ягштал баримталж, хариуцлага өндөртэй, мэргэжилдээ эзэн байх нь алдаа гаргахгүй, амжилттай ажиллахын үндэс болж ирсэн. Амралт баярын өдрүүдээр бусад эмнэлгүүд амарч байгаа тохиолдолд хоолойн буглааг нээж, хүүхдэд чих хамар хоолойн яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аврах үед яахын аргагүй чих хамар хоолойн эмч мэргэжлээрээ бахархах сэтгэл төрдөг. Мөн доктор Өлзийбаяр эмчтэйгээ 10 гаруй жил мэс заслын ширээний ард хамтдаа хагалгаа хийгээд зогсч байсан үеүд хамгийн дурсамжтай санагддаг юм. Энэ он жилүүдэд маш их мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, их зүйлийг сурсанаас гадна эмчийн маань ажилч хичээнгүй,хөдөлмөрч шударга зан, ёс зүйтэй харилцаа, хүнтэй хэрхэн яаж харьцах вэ, өвчтөнийг яаж хаан шиг үзэх вэ гэсэн ажил амьдралын ухаан тэлсэн олон эрхэм чанар нь надад өнөөдрийн хэмжээнд доголдолгүй эмнэлгээ аваад явах том сургууль сургамж болж өгсөн гэж боддог.
-Яагаад ч юм таныг найз нөхдийн хүрээлэл их өргөнтэй болов уу гэж харлаа. Энэ тухайд ?
– 10-н жилийн найзууд, Анагаахын найзууд гээд олон найзууд бий. 10-н жилийн найзуудтайгаа 7 хоногт нэг удаа зааланд гар бөмбөг тоглож бүжиглэж, хөгжилдөх нь миний хувьд аз жаргал байдаг. Эндээс ирэх 7 хоногийнхоо эрч хүчийг авдаг даа. Харин нэг санаанаас гардаггүй зүйл гэвэл: АУДэС-ийн дотуур байранд Өвөрхангай аймгийн гурван охинтой нэгдүгээр курстээ хамт ороод долоон жил таарч тохироод хамт амьдарсан байдаг. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой, ялангуяа Өвөрхангай аймгийн эмэгтэйчүүдийн эмч найзтайгаа үе зайгүй найзууд. Өчигдөрхөн ажил дээр ирээд явлаа. Ийм сайхан бие биесээ ойлгосон дотно найзуудаараа гангардаг. Эмчийн сайхан мэргэжлээрээ үргэлж бахархдаг шүү.
Д.Нэргүй