Хүүхдийг соёл, спортын тэмцээн, уралдаан, олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулахдаа эцэг, эх, асран хамгаалагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд, сөрөг нөлөө үзүүлэхгүй орчинд оролцуулах тухай харилцааг зохицуулах “Соёл, спорт, олон нийтийн үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах журам”-ыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Соёл урлагийн газрын даргын хамтарсан тушаалаар баталсан билээ.
Энэ хүрээнд тэмцээн, уралдаан зохион байгуулагч болон оролцогч байгууллага, мэргэжлийн холбоод, дасгалжуулагч, эцэг, эх, оролцуулагч талын үүрэг хариуцлагын талаар салбар дундын уулзалт, хэлэлцүүлгийг Хүүхэлдэйн театрт зохион байгуулсан юм. Уг үйл ажиллагаанд боловсрол, соёл, спорт, цагдаа, хүүхдийн байгууллагын 500 орчим мэргэжилтэн, албан хаагч, мэргэжлийн холбоодын төлөөлөл танхим болон цахимаар оролцлоо.
Дээрх журамд хүүхдийг соёл, урлагийн тоглолт, спортын тэмцээн, хүүхэд оролцсон сургалт, үйлчилгээ бусад арга хэмжээнд оролцуулахдаа хүүхдийн эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах, хичээл сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хоцрогдлыг арилгах арга хэмжээг авахыг зааснаас гадна эцэг, эх, асран хамгаалагч, сургуулийн удирдлага, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нарийвчлан тусгасан юм.
Д.Гэгээ