Бид өөртөө ч цаг гаргахгүй, гэр бүлдээ ч цаг гаргахгүй “Завгүй” нэгэн яваад л байгаа юм биш биз дээ? Маш энгийн үйлдлээр өөртөө цаг гаргаж, ажил төрлөө төлөвлөж, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулангаа илүү бүтээлч нэгэн болж, эрүүл мэндээ сайжруулах таатай нэг боломж бол “ЯВГАН АЛХАХ” юм шүү.
Ганцаараа алхах олон талын үр дүнтэй байдаг, олуулаа алхахад ч шинэ санаа, бүтээлч санаачилга ундарч, хайрцагнаас гарч сэтгэх, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, стрессээ хаяж, шинэ нөхөрлөлийг үүсгэх боломж ч гардаг.
Алин боловч явган алхахыг танд санал болгоё, Алхаж эхлээд үр дүнг мэдрэх болно. Тиймээс “Алхалтад цаг гаргая” гэж уриалж байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, Монгол улсын ерөнхий сайдын санаачилга “Илүүдэл жингүй эртэч монгол хүн” үндэсний аяны бодлого, стратегид нийцүүлэн “ЦАГ ГАРГАЯ” нийтийн биеийн тамирыг сурталчилах 3 сарын аян зарлагдсан. Тус аяныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Олимп нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр явган алхалт, гүйлт, иог, дугуй болон шугаман бүжгийн холбоод хамтран 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс зургаадугаар сарын 24-ны өдрийн хооронд орон даяар зохион байгуулж байна.
Энэхүү аяныг хамтран зохион байгуулагч Монголын явган алхалтын холбооны зүгээс 7 хоног бүр томоохон алхалтын хөтөлбөрүүдийг зохион байгуулж, салбар холбоо, клуб, байгууллагуудын хүрээнд идэвхтэй өрнүүлж байна. Тухайлбал, 2023.04.09-нд 400 км-н алсаас Орхон аймгийн явган алхалтын холбооны 21 хүний бүрэлдэхүүнтэй баг нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж тус 3 сарын аяныг дэмжин хамтарсан алхалтыг зохион байгууллаа.
Энэхүү алхалтын хөтөлбөрт 110-аад алхагч нэгдэн оролцсон бөгөөд Богдхан уулын Зайсангийн амнаас өгсөж, Дугуй цагаан ойн цоорхойн чиглэлд алхацгаав. Мөн энэ цаг мөчид Увсын цэнхэр хязгаарт Увс аймгийн явган алхалтын холбооны хамт олон “Цаг гаргая” алхалтыг зохион байгуулж, эрүүл зөв амьдралын хэвшил, дадалд уриалан дуудав.
Монгол хүн илүү урт настай, эрүүл саруул байхын тулд өөрөөсөө шалтгаалах энгийн үйлдэл болох явган алхахыг хэвшил болгох нь чухал юм. Алхам алхмаар хэрхэн дадал болгож болохыг мэдэхийг хүсвэл www.facebook.com/groups/MongolWalkers буюу алхалтад дуртай хүмүүсийн цугладаг сошиал груп танд тусална.
Эх сурвалж: Монголын явган алхалтын холбоо