Г.Занданшатар: D-Parliament бол цахим хувьслаар дамжуулан, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо нэмэгдүүлэх дэвшилтэт боломж юм

2023 оны 04-р сарын 04 өдөр, 21 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8166da7c47344ac2909171bc7b3c4174

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.04) Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээг цааш түгээхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар D-Parliament платформд хэлэлцэгдэж байгаа болон өргөн мэдүүлсэн нийт 170 хуулийн төсөл байршиж, дэлхийн 81 өөр улсаас хандалт хийж танилцжээ. Энэхүү цахим систем нь технологийн хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт сургуульд маань хүрэлцэн ирж, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах санаачилгын хүрээнд нээлттэй мэдээлэл солилцож байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдэд сургуулийн хамт олны төлөөлөл саналаа илэрхийлсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх