Өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь (УХТЭ) үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сонгодог “Хөгжмийн булан”-г нээлээ.
Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодийн асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд энэхүү аргыг ашиглаж, хөгжмийн буланг ашигладаг аж.
Түүнчлэн уг нээлтийн өдөрт зориулан “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгийг мөн зохион байгууллаа. “Хөгжмөөр эмчлэхүй” өдөрлөгт хавдарын эмнэлгийн эмч, ажилтнууд, эмчлүүлэгчид, үйлчлүүлэгчид оролцож, Монгол Улсын консеваторын хөгжимчдийн уран бүтээлийг үзэж, таашаасан юм.
Нээлтийн үеэр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган хэлсэн үгэндээ “Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор “сонгодог хөгжмийн буланг”-аа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна. Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг. Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх тал анхаарна. Эхний ээлжинд 7 хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэндээ талархсанаа илэрхийлье” гэлээ.