“Ус намгархаг газрын экосистем” сэдэвт үзэсгэлэн нээгдлээ

2023 оны 03-р сарын 22 өдөр, 17 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
337116106_1374985626611627_4592509836316879602_n-696x492

Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон 1993 оноос хойш тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдөрт зориулан Байгалийн түүхийн музейгээс “Ус намгархаг газрын экосистем” сэдэвт үзэсгэлэнгийн нээлтээ  “Цаг нь иржээ, ус намгархаг газрыг нөхөн сэргээх’ гэсэн уриан дор зохион байгууллаа. Тус үзэсгэлэн нь ус, усны урсац бүрэлдэх эх, намаг, цэвдэг бүхий газар нутгийн экосистемийг таниулах, тухайн газар нутгийн ач холбогдлыг ойлгуулах, тэнд амьдардаг биологийн төрөл зүйлээр дамжуулан хамгаалах сэдэл төрүүлэх зорилготой. Улмаар байгалийн түүхийн музейн сан хөмрөг дэх ус, намаг, нугын зүйлүүдийн цуглуулгаас сонгон 70 зүйл ургамлын хатаамал, 10 зүйл шувуу, 3 зүйл хоёр нутагтан,  2 зүйл хөхтөн амьтан, 50 гаруй багийн усны шавж зэргийг амьдрах орчинд нь дэглэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Мөн музейн судлаачдын монгол орны бүхий л нутгаас буулгасан ус намгархаг газар нутгийн 44 фото зургийг болон “Guide to wetland plants in Mongolia” бүтээлийг танилцуулж байна. Тус бүтээл нь судлаачид, байгаль, ургамал сонирхогчдод зориулагдсан бөгөөд 42 овогт хамаарах 82 төрлийн 113 зүйл ус, намаг, нугын ургамлын зүйл бүрийн шинжлэх ухааны латин, монгол нэр, гадаад бүтцийн онцлог шинж (баг цэцэг, цэцэг, үр жимс, навч, амьдралын хэлбэр тус бүр), цэцэглэх, үрлэх хугацаа, ургах орчин, тархалт болон хэрэглээний зарим мэдээллийг оруулсан бүтээл юм. Дээр нь ус намгархаг газар нь биологийн олон янз байдлыг хадгалж хамгаалах, усны нөөцийг зохицуулах, ган болон үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг онцгой ач холбогдол бүхий экосистем юм. Төв Азийн өндөрлөгт байрладаг манай орны хувьд ус намгархаг газрууд нь нүүдлийн шувуудын дамжин нүүдэллэх, амьдрах, үржих, түр амрах газар нутаг болдгоос гадна идэш тэжээлийн нөөцийг агуулж байдгаараа  шувуудад ээлтэй нутаг төдийгүй харилцан шүтэлцээтэй зэрэгцэн орших ус намгийн ургамал, амьтдын амьдрах экологийн чухал орчны нэг билээ.

Д.Гэрэл

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх