75 настай ахмад алхагч олон улсын явган алхалтын тэмцээнээс “Хүрэл” медаль хүртлээ

2023 оны 03-р сарын 10 өдөр, 21 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
335076161_541735518055172_5560450955136905927_n
Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотод 2023 оны 3-р сарын 2-оос 5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан олон улсын явган алхалтын арга хэмжээнд Монголын явган алхагчид маш амжилттай оролцов. Монголын багийн хамгийн өндөр настай алхагчаар 75 настай Н.Пүрэвдаш оролцсон бөгөөд 3 өдрийн туршид олон улсын алхагчдыг манлайлж, алхалтын хурд, хэмнэл, зохион байгуулалтаар ялгарч, амжилттай оролцсон юм. Түүнчлэн хөтөлбөрийн 3-дахь өдөр Монголын алхагчид үндэсний дээл, хувцасаа өмсөж оролцсон бөгөөд олон орны алхагчдын анхаарлыг татаж, хамтдаа зургаа даруулж, монгол соёл, ахуйгаа сурталчилан таниулах таатай боломжийг бүрдүүлсэн юм.
Хэдийгээр энэхүү арга хэмжээний утга агуулга, алхалтын зам маршрут нь Монголын түүх, Хубилай хааны байлдан дагуулал, монголчуудын довтолгоотой холбоогүй боловч Монголчууд бидний хувьд яалтчгүй чухал ач холбогдолтой, түүхийн зам мөрийг тодотгож, 13-р зууны үйл явдлыг эргэн санах, монголчуудын зориг эрмэлзэл, хүсэл тэмүүллийг мэдрэх нэгээхэн ховор боломж тохиосон юм. Бид тус арга хэмжээнээс гадна 1 өдрийн хөтөлбөрийг Фукуако муж дахь Монголын Өргөмжит Консулын газар, Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ болон хамт олны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
1274 онд Хубилай хааны зарлигаар Монголчууд Японы Кюушү, Фукаока, Хакатад газардаж байв. Япончууд довтолгоог хэзээ мөдгүй гэдгийг мэдэрч байсан тул тосгоны иргэдийн оролцоотой хамгаалалтын 20 км үргэлжлэх даланг босгож, урхи, занга бэлтгэж, хамгаалалтын горимд бүрэн шилжсэн байлаа. Монголчуудын цэргийн зохион байгуулалт, бүрээ, хэнгэрэг, туг ашиглан цэргүүдээ зохион байгуулах ба усан онгоц дээр тээвэрлэн ирсэн морьд, цэргийн хоол хүнс, зэр зэвсэг, тактик гээд бүх талаар илт илүү байсан гэдгийг түүхэн сурвалжид тэмдэглэжээ. Гэвч камиказе хар салхинд усан флотын 90 гаруй хувь нь бүрэн сүйрснээр энэхүү довтолгоо амжилт олоогүйг бид мэднэ.
Монголын алхагчид яг энэхүү түүхэн жимээр аялж, босгосон хана хэрмийн үлдэгдэлийг үзэж, Монгол цэргүүдийн булш, дурсгалын хөшөөтэй танилцаж, 1894 онд Монгол цэргүүдийн дурсгалд зориулан босгосон “Монгол уул” (蒙古山 – Mokoyama Mountain) хэмээн нэрлэгдсэн орчныг бүрэн тандах, ажиглах боломжтой өндөрлөгт хүрч, Монголчууд анх хөл тавьсан далайн эрэгт очиж, Фукуако хотын музейд зочилж, монголчуудын зэр зэвсэг, зоос, эдлэл хэрэгсэл бүхий олдворуудтай танилцав. Дээр дурдсан “Монгол уул”-ын оройд байх дурсгалын хөшөөг нурж унасан байсныг 2021 онд хэсэг явган аялагчид дахин нээн илрүүлж Фукуока дахь Монголын Улсын Өргөмжит консулын газарт мэдээлэл хүрснээр олон нийтийн дэмжлэгтэйгээр 2022.11.29-нд дахин сэргээн хөшөөг босгосон юм. Энэхүү үйл ажиллагаанд Кюушү Окинава Монголын Найрамдалын Нийгэмлэг ихээхэн тус дэм үзүүлж хамтран ажилласанд талархал илэрхийлье.
Үндсэн алхалтын арга хэмжээнд Монголоос оролцсон гишүүд нь алхалтын эхний өдөр багаараа 20 км-ийн алхалтын маршрутыг сонгож, амжилттай барианд орсон бол алхалтын хоёр дахь өдөр багийн дийлэнх гишүүд 40 км-ийн замыг сонгож алхацгаав. Сүүлийн өдөр 20 км-т алхаж барианд орсон юм. Алхалтын замын туршид Японы аж байдал, иргэдийн амьдралын хэв маяг, тосгоны хэв шинж, аж ахуй эрхлэлт, жимс, ногоо, тариалангийн талбай, байгаль орчин, түүхэн дурсгалт газруудыг үзэж сонирхох боломжтой байсан төдийгүй нутгийн иргэдийн халуун дулаан харилцаа, инээмсэглэл, найрсаг харилцааг мэдэрч алхах нь таатай байлаа.
Монголтой харьцуулахад цаг агаарын хувьд дулаахан, +15 градустай бөгөөд Японы бусад нутгуудтай харьцуулахад эрт дулаардаг онцлогтой газар юм. Явган алхагчид бидний хувьд цаг улирлын хувьд хамгийн таатай сайхан байлаа.
Тус арга хэмжээнд оролцсон Б.Болор-Эрдэнэ ахлагчтай баг нь алхсан үзүүлэлт, болзол хангасан байдалд үндэслэн олон улсын явган алхагчийн “Хүрэл” медалийн эзэд болцгоож, “Олон улсын явган алхагчийн пасспорт”-оо гардан авав.
Мөн Яцуширо хотын захирагч ноён Накамура сан Монголын багийн гишүүдийг хүндэтгэн хүлээн авч дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд Монголын явган алхалтын холбоо болон Японы явган алхалтын холбоод хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураг ёслол зохион байгуулагдав.
1964 онд байгуулагдсан Японы явган алхалтын холбоотой стратегийн түвшний хамтын ажиллагаа тогтоож, цаашид урт хугацаанд, харилцан үр ашигтай хамтын ажиллагаа өрнөх таатай боломж нээгдсэнд амжилт хүсье.
Монгол алхагчид маань 3-р сарын 10-г дуустал Япон улсын Токёо хотоор аялж, алхаад эх орондоо ирцгээнэ.
Эх дэлхийн өнцөг булан бүрт хүрч алхаж, аялах сонирхолтой явган алхагчид Монголын Явган Алхалтын Холбоо / Mongolian Walking Association Group группт цуглацгааж байна. Бидний дараагийн хөтөлбөр Чех улс байх болно. Монголын түүх улам бүр тодорсоор.
335034804_228953746159519_846646720633948842_n
334942185_531445819122522_2881306263009768032_n
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх