Боловсрол дуусч дундарашгүй гэгээн үйлс гэдэгчлэн ирээдүй хойч үеэ эрдмийн далайгаар аялуулан, гэгээрүүлэх үйлсэд цуцашгүй хүчин зүтгэж яваа Булган аймгийн Могод сумын сургуулийн захирал Ч.Алимаатай ярилцлаа. Эдүгээ төрөлх сургуульдаа 20 гаруй жил ажиллаж байгаа түүнд гар сэтгэл нийлсэн сайхан хамт олон нь арвин их туршлага, амьдралын их сургууль болж өгсөөр иржээ. Тиймээс Алимаа захирал маань аливаад торгон мэдрэмж, мяндсан ухаанаар хандаж энэ хэрээр ажил үйлс нь өөдрөг байдаг төдийгүй “багш хэмээх” уртын урт замыг сонгосондоо сэтгэл хангалуун явдаг нэгэн аж. Энэ ч утгаар тус сургуулиас бүхий л салбарын олон алдартан төрж монголд, дэлхийд хайртай сургуулийнхаа нэрийг дуурсгасаар яваа билээ. Ийнхүү хүүхэд багачуудыг хөгжүүлж, сурч боловсроход нь түлхэц болох олон төслийг амжилттай хэрэгжүүлж,үр дүнд хүргэж байгаа түүнтэй өрнүүлсэн чин сэтгэлийн ярилцлагаа уншигч танаа хүргэе.
-Та сургуулийнхаа төгсөгч. Иймд “Багш” хэмээх эрхэм сайхан албатай хэдийнээс хувь заяагаа холбож, сэтгэл зүрхээ зориулах болов?
– Миний хувьд 1996-2000 онд Улсын Багшийн Их сургуульд Түүх нийгмийн ухааны багшаар суралцаж, 2005-2007 онд МУБИС-д дахин суралцаж Боловсролын удирдлагын магистр хамгаалсан. 2001 оноос Булган аймгийн Могод сумынхаа төрөлх сургуульд ирж багшлаад өдгөө 22 дахь жилтэйгээ золгож байна. Үүнээс дөрвөн жил багшаар, 12 жил сургалтын менежерээр, долоо дахь жилдээ захирлаар ажиллаж байна. Манай сургууль 1940 онд байгуулагдсан, 83 жилийн түүхтэй. Энэхүү түүхэн хөгжлийн хугацаанд хөдөлмөрийн баатар 1, төрийн шагналт 5, төр нийгмийн зүтгэлтэн 8, ардын жүжигчин 1, гавьяат цолтон 8, спортын мастер 21, улсын цолтой бөх, доктор профессорууд олноор төрөн гарсан баялаг түүхтэй сургууль юм. Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 5-р сарын 31-ний өдрийн 76-р тогтоолоор Булган аймгийн Могод сумын сургуулийг Монгол Улсын баатар нисгэгч Чоймболын Шагдарсүрэнгийн нэрэмжит болгосон. Эдүгээ 15 бүлэгт 370 суралцагч, 25 багш, 15 ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Нийт багш нарын 9 буюу 36 % нь магистр, 7 буюу 25 % нь тэргүүлэх, 10 буюу 40 % заах аргач зэрэгтэй.
– Сургуулийн хөгжлийг тодорхойлох, хүүхэд багачуудыг хөгжүүлэх гол зүйл төсөл хөтөлбөрүүд байдаг. Энэ хүрээнд олон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэнд эцэг эхчүүд талархалтай байдаг юм билээ?
-Боловсролын чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй эх оронч иргэнийг бэлтгэх хэтийн зорилго тавин “Олон улсын Эко сургууль” хөтөлбөрт хамрагдан “Хүрэл гэрэгэ”-ний болзол хангасан амжилтыг үзүүлээд байгаа. Мөн манай сургуулийн багш ажилтан баг хамт олны өнгөрсөн хугацаанд багш, сурагч, сургуулийн хөгжлийг сайжруулах, сурлагын амжилтыг дээшлүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудын дээжээс дурьдвал: 2005-2012 онд Дани улсын санхүүжилтээр хэрэгжсэн “Хөдөөгийн сургуулийн хөгжил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. БШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй Боловсролын чанарын шинэчлэл төслөөс 2015 онд “Ардын уламжлалт оньсон тоглоомоор сурагчдыг хөгжүүлье” 2017 онд “Радио студи ба сурагчийн хөгжил” ,2019 онд “Дотуур байрны сурагчдын манлайлал” зэрэг төслүүдийг хэрэгжүүлж ирлээ.2020 онд “Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжсэн цахим сургалтын танхим” төсөл, 2021 онд “Хамтдаа хөгжье”,2022 онд “Тоглонгоо суралцъя” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж сумынхаа гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байна. Мөн 2017 оноос Булган аймгийн “Хүүхэд залуучуудад экологийн боловсрол олгох” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Булган аймгийн Засаг дарга, БОАЖГ-аас хамтран зохион байгуулдаг “Эко сургууль” шалгаруулах болзолт уралдаанд 2 удаа шагналт байруудад шалгарсан. 2018 онд Монгол-Японы хамтарсан олон улсын OISCA Монгол ТББ-ын “Хүүхдийн ойжуулах хөтөлбөр”-т хамрагдаж, 2020 оноос Япон улсын ойжуулалтыг сурталчлах үндэсний газрын “Ногоон сан”-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй Булган аймагт ойн нөхөн сэргээлт, байгаль орчны боловсрол олгох төсөлд хамрагдаж, хамтран ажилласан гэх мэтээр яриад байвал их зүйл бий.
– Манай бүсгүйчүүд олон салбарт удирдах түвшинд ажиллаж байна. Таныхаар удирдагч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
– Би өөрийгөө сайн удирдагч гэж хэлэхгүй ээ, бусад хөдөө сумдын сургуулийн захирлуудын нэгэн адил ажиллаад л явж байна. Ер нь хүн удирдана гэдэг хамгийн хэцүү ажил гэж боддог. Харин бусдаас суралцах зорилгоор сайн удирдагч хүмүүсийн талаар сонсож, уншиж, судалж байхад удирдагч хүн хүнээр ажил хийлгэж чаддаг, ажилтныхаа төлөө сэтгэл гаргаж чаддаг, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, харилцааны өндөр соёлтой байх ёстой юм байна гэдгийг олон олон бодит жишээнээс олж харсан.
-Хичээл сургалтандаа ямар дэвшилтэт шинэ арга барил санаачлан хийж, хэрэгжүүлж байна вэ, мөн сургуулийн бусад онцлох зүйл гэвэл?
–Манай багш, суралцагч, ажилтанууд сургууль бүхэлдээ ажиллах арга хандлагыг нэвтрүүлэх зорилгоор оролцоонд суурилсан тэгш хамруулан сургах аргаас туршин хэрэгжүүлж, суралцах ажлыг 2020 оноос эхэлсэн. Энэявцад Тогтвортой Хөгжлийн Боловсролын үзэл санааг сургалтын хөтөлбөр, багшийн арга зүйд нэвтрүүлэх нилээн төвөгтэй байсан. Манай сургуулийн онцлох зүйл гэвэл шатар, тэшүүрийн спортоор сурагчдаа үеийн үедээ маш сайн хөгжүүлж ирсэн. Сүүлийн үед самбо, жүдо, үндэсний бөхөөр сурагчдаа түлхүү хөгжүүлж байна.
– 2022 он танд болон танай сургуулийн хувьд юуг үлдээж, 2023 он юуг авчирч байна вэ?
-Миний хувьд 2022 онд Булган аймгийн нутгийн зөвлөлийн “Бахархалт Булганчууд” оны шилдэгүүд шалгаруулах арга хэмжээнээс “2022 оны боловсролын салбарын шилдэг ажилтан”-аар шалгарсан.
– Одоо хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Хамгийн эрхэмлэн дээдэлдэг зүйл тань юу вэ?
-Эх нутаг, Аав, ээж, гэр бүл, ажил, хамт олон
– Сургуулийн цаашдын зорилго, төлөвлөгөө?
-Энэ тухайд сургуулиа стандарт спорт заалтай болгох ойрын зорилго тавьсан. Цаашдаа урлагийн заал, хичээлийн “А” байрны их засвар, өргөтгөл гээд дараа дараагийн төлөвлөлтүүд бий.
-Могод сумын сургууль хэзээнээсээ алдрын эзэд гавьяатуудыг төрүүлсээр ирсэн. Тухайлбал, тэргүүний багш сурагчид гээд ……
– Тийм ээ, манай сургуульд ажил мэргэжилдээ эзэн болсон олон тэргүүний багш, сурагчид бий. Түүнээс онцолбол: Бага ангийн багш Г.Сүглэгмаа, Д.Оюумаа, Физик газарзүйн багш Б.Долгоржав, Орос хэл мэдээлэл зүйн багш Б.Энхжаргал. Сурагчдаас 9a ангийн сурагч О.Шагай, 9б ангийн сурагч У.Одбаатар, Б.Наранцацралт, Б.Отгончимэг. 5а ангийн сурагч Г.Түвшинбаяр, Б.Дэлгэрэхжаргал нарыг нэрлэж болох байна.
Д.Гэгээ