Б.Чимэд: “Тэрбум мод” ургуулах ажлыг яаж бүх нийтийн үйлс болгох вэ?

2023 оны 03-р сарын 10 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chimed000

  “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор профессор Б. Чимидтэй ярилцлаа.

Тэрбээр “тэрбум мод”-ны асуудлаар олон аймагт хичээл зааж, лекц уншиж, мөн энэ сэдвээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эсээ ном гаргасан гээд энэхүү хөдөлгөөнд мэргэжлийн хүний мэдрэмжээр хамгийн идэвхтэй оролцож, арга туршлагаасаа хуваалцаж  яваа нэгэн юм.

– Монгол улсын  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  НҮБ-ын индэр дээрээс 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарьж ургуулна гэж уриалсан. Энэхүү уриалгын ач холбогдол хийгээд бодит биелэх бололцоо  ямар байна гэж та харж байна?

– Монгол Улсын төрийн тэргүүн маань хоёр чухал асуудлыг монголын ард түмний бүх нийтийн хөдөлгөөн болгон уриалсан. Нэг нь Хүнсний хувьсгал, нөгөө нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн.  Зарим нөхөд Ерөнхийлөгчийг юу ч хийхгүй байна гэж зэмлэх юм. Үүнээс том ажил гэж дэлхийд, монголд байх уу. Тэдний үзэж байгаагаар ам руу бэлэн хоол хийх, эсвэл мөнгө  багц багцаар нь өгөхийг л ажил гэж үзэж байгаа бололтой. Үгүй юм аа. Би хүнсний хувьсгал, хоол хүнсээ өөрөө бэлтгэчихдэг орон болох тухай  асуудлыг нь дэмжиж байгаа ч  энэ удаад өөрийн мэддэг сэдэв, “Тэрбум мод” оо яръя. Байгаль экологийн доройтол, дэлхийн дулаарал, монголын цөлжилт, Улаанбаатарын агаарын бохирдол, утаанаас өөр том асуудал гэж хаана байна. Сайд, гуйлгачин хоёрт аль алинд нь  цэвэр агаар хэрэгтэй болохоос биш, нэгэнд нь тарган ууц, нөгөөд нь ямааны год хэрэгтэй биш. Баячууд хичнээн их хөрөнгөтэй байсан ч тэд  агаараар  амьсгалах болохоос биш, доллараар амьсгалахгүй. Доллар идэх ч үгүй. Өнөөдөр  дэлхий 1-2 хэмээр дулаарч, монголын шар шороо Энэтхэг хятадын хойгт хүрч, ой дотор ч цөлжилт үүсчихээд байхад мод тарих тухай санаачлага гаргасан нь буруу юм уу. Үүнийг зарим нөхөд эсэргүүцэж эдийн засгаа ярь, ард түмний амьдрал муу байхад юугаа яриад явнав гэж ерөнхийлөгчийг зэмлэж байна лээ.  Ард түмний амьдрал, эдийн засаг энэ тэр гэдэг чинь байгаль ертөнц, агаар, ус,  ойгоос чухал юм уу. Тэгтэл чамайг цатгаад өгөе, харин битгий амьсгал гэж хэлж  болж байна уу. Юманд эрэмбэ гэж юм бий. Эхлээд баян тарган, амьдрал нь  чинээлэг болчих, дараа нь цэвэр агаараар амьсгал, цэвэр ус уу, цэвэр хүнс хэрэглэ  гэж хэлж болох уу?тэгэхээр Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол монголчуудын язгуур эр ашигт, дэлхий нийтийн, хүн төрөлхтний амин чухал асуудлыг хөндсөн, тэдний анхаарлыг тийш нь чиглүүлсэн санаачлага яах аргагүй мөн.

– Энэ маш чухал агаад амин чухал асуудал гэдгийг ойлголоо. Харин одоо тэр “тэрбум мод”-ыг яаж тарьж ургуулах, улмаар 2030 он гэхэд тэрбумаар тоологдох модтой болж чадах болов уу?

-Манайхан тэрбум мод гэж хэлэнгүүт  шууд толгойд нь яаж мөнгө олох бэ, Надаас өрсөөд төр засгаас их мөнгө аваад, энд тэнд булаад, дундаас нь баяжчих гээд байна гэсэн хардлага төрж, зарим нэг  нь энэ ажлыг өмчилж аваад, хийчих юм шиг санаа сэдэл төрөөд байна. Үнэндээ энэ бол бүх нийтийн хөдөлгөөн болж өрнөж байж хийгдэх ёстой ажил. Түүнээс биш ганц нэг хүний аминчхан үзэл, атгаг санаагаар ер бүтэхгүй. Жишээ нь мод тарих, ургуулахын ач холбогдол хийгээд, энэ талын багахан ч гэсэн туршлагагүй хүн хэзээ ч мод тарьж, үр дүн гаргахгүй. Өөрөөр хэлбэл, экологийн боловсролгүй байж мод тарих тухай яриа байхгүй. Мод тарьж ургуулгна гэдэг чинь тэр талын мэдлэгтэй хүний хийдэг, мэргэжлийн ажил байхгүй юм. Бүр тарих  модны нүх ухах ч мэргэжил шаарддаг. Өнгөрсөн хавар Чингэлтэй дүүргийн нийгмийн халамжийн хэлтсээс зохион байгуулж 200 гаруй хүн мод тарив аа. Нүхээ ч зөв ухаагүй, хонхойлж хаячихаад л болсон гэж байгаа байхгүй юу. Гэтэл тэд ямар хүмүүс байсан гэж. Сургууль  цэцэрлэгийн багш, төрийн албан хаагчид л байсан.  Тэд наад захын нүхээ ухаж чадаагүй юм чинь модоо яаж суулгаж, услах нь бүр харанхуй. Ийм нөхцөлд мэргэжлийн хүн  оролцоод заагаад байхад дутуу хаяад л тарцгааж байна лээ. Гэтэл  тэрбум модны хүрээнд 1000 сургагч багш онлайнаар ч юм уу мэргжлийн баримжаагүй хүмүүст заагаад сургасан гээд ярьж байнаа нь инээдэм шүү дээ. Адаглаад монголд төгсөөд гарсан ойн талын мэргэжлийн 1000 гаруй хүн байна.  Тэднийг цалинжуулаад нөөц бололцоог ашиглаад, сургаад явах  ёстой.

-Бүх нийтийн хөдөлгөөн гэдэг үг үнэхээр  сайхан сонсогдож байна. Яаж бүх нийтийн хөдөлгөөн болгох ёстой юм бол?

-Энэ нь бүх нийтээрээ мод, сөөг тариад сурчихна л гэсэн үг. Хашаандаа ганц ч модгүй байж, экологи, агаарын бохирдол, эрүүл мэнд яриад байж болохгүй. Түүний оронд яаж мод тарьдаг юм гээд сонирхоод, оролдоод, хичээх хэрэгтэй. Наад зах нь  улиасны ганц мөчир хашаандаа ургуулчихаач л гэж хэлмээр байна.  Хамгийн гол нь хүүхэд багачуудыг багаас эь мод ургамлаа  тарьдаг болгож хүмүүжүүлэх ёстой болохоос биш, амьтан судлалын  хичээл заахдаа амём, шаахай, ургамал судлал заахдаа эс мембраам заагаад байвал яаж экологич болж мод тарих билээ. Хүүхдийг багаас нь мод тарьж сургахад боловсролын систем их анхаарах ёстой. Би сайхан санаа хэлж, төсөл боловсруулаад боловсролын яаманд өгсөн. Сайд нь хүлээж аваад хэрэгжүүлъе гэж байхад доор суудаг нэг түшмэл таныг хүлээж авах зав  алга гэх ухааны юм ярьсан. Энэ бол тэрбум модноос  2 жилийн өмнө сэдсэн миний санаа. Юу гээч. Монголын бүх сургууль, цэцэрлэгт  6х5 метр  буюу 30 м2 талбайд  хайлаасыг үрээр тариад ургуулчих, тэгвэл монголын ерөнхий боловсролын  860 гаруй сургууль, 2300 гаруй цэцэрлэгт тарьсан хайлаасны суулгац л тэрбум мод  болж байна гэсэн санааг хэлээд төслийг өгөхөд, манай боловсролын систем багш, ажиллагсадынхаа хүчээр  64.0 сая мод ургуулчихна гээд өөдөөс яриад сууж байна ш дээ.  Зүй нь хавар 5-р сард  хайлаас мод үрээ хаяна. Нэг нас гүйцсэн хайлааснаас бараг  1.0 сая ширхэг үр гарна. Түүнийг түүгээд л тарихад 1000 хайлаасны үрээр тэрбум мод ургуулчих бололцоо байна гэж хэлээд байхад тоохгүй байгаа.

-Ийм бэлэн санаа, туршлага, үр дүн байхад дэмжихгүй байгаа бол боловсролынхон юм хийхгүй нь дээ?

 -Энэ ажлыг  зургаан жилийн өмнө миний бие санаачлаад Сонгинохайрхан дүүргийн 114-р сургуульд Энхжаргал гэдэг захиралтай яриад хэрэгжүүлсэн.  Ковидийн  өмнө яг 30 м2 талбайгаас тэд 5600 ширхэг хайлаасны суулгац ургуулж авч байсан юм. Гэтэл тэрбум модны асуудал гараад ирэхээр үүнийг хэрэгжүүлъе гэсэн чинь хөдөлж өгөхгүй байна  шүү дээ. Тэгээд багш, ажиллагсадын хүчээр 64.0 сая мод тарина гэнэ. Хаана вэ, хэн услах юм. намарт хичээл цуглаад л, хавар шалгалт шүүлэг болоод тэгээд хэдүйд нь мод тарих гээд байгаа юм, худлаа шүү дээ. Харин биологийн багш, 12 жилтэй  сургуулиуд, цэцэрлэгийн багш ажилчид гээд, тэр хашаан дотор 30 м2 газар олдоно доо.

-Мэдээж тэрбум модны хүрээнд хөрөнгө хүч ч их гарах байх, ажил ч өрнөх  байх. Гэхдээ бүх  нийтийн хөдөлгөөн болгоход таны санал, санаачлага хэрэгтэй л байж таарна?

-Намайг хэн тоохов гэгчээр, биднээс, бүр надаас зай их барьж байгаа. Би монголын хэрэглэгчдийн академийн шугамаар энэ хугацаанд 11 аймагт тэрбум   модны асуудлаар хичээл зааж, лекц уншлаа. Хил хамгаалах ерөнхий газрын харьяа отряд, ахмадын хороо, хорих анги зэрэг маш олон газар хичээл зааж лекц уншиж байна. Саяхан өөрийн цахим хуудсан дээрээ надаар хичээл заалгах, лекц уншуулах хүн байвал би үнэгүй зааж өгъе гэж бичсэн чинь  380 хүн хандаж холбогдлоо. Үүнийгээ л  би  тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд оруулж буй хувь нэмэр гэж ойлгож байна. 2030 он хүртэл багагүй хугацаа байна. Тийм учраас энэ  хугацаанд монголын бүх аймагт явж хичээл зааж лекц уншиж, шавь бэлтгэнэ гэж бодож байгаа.

 -Үнэхээр та энэ асуудалд анхаарлаа хандуулж чин зүрхнээсээ ажиллаж байгаа юм байна шүү дээ?

 -Өдий насны хүн төрийн зөв бодлого, сэдэж санаачилсан ажилд нь оролцохгүй бол хэн хийх юм бэ? Гаднаас нь шүүмжлээд сууж баймааргүй байна. Намайг ашиглаач л  гээд хашгираад байгаа. Зөндөө хийх ажил, санаачилж эхлүүлж байгаа ажил байна. Зөвхөн иргэний экологийн боловсрол, сургууль, цэцэрлэгт мод тарих, хайлаас гэж агуу модны талаар товчхон саналаа хэлэхэд ийм л байна даа.

– Ингэхэд таныг талаар таныг хүртээмжтэй, хүртээлтэй сайхан ном бичсэн гэж сонслоо?

– Энэ тухайд “Тэрбумаар тоологдох мод монголд ургуулахын учир” гэдэг танин мэдэхүй, бүх нийтийн экологийн боловсрол,  тэрбум модны сэдвээр асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эсээ ном гаргасан.  Тодруулбал, хайлаас гэж ямар мод вэ, хэзээ үрээ хаяж хэдийд тарих бэ? одоо хавар боллоо та мод тарихад бэлэн үү? Тэрбум мод хөдөлгөөнд иргэн байгууллага, хувь хүний оролцооны талаар сонирхолтой ном болсон гэж бодож байгаа.

      Д.Гэгээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (192.82.64..***)
    2023/03/13 13:54

    Та говьд говийн ургамал тарихад л туслаач, харгана бударганаа яаж тарихаа малчдад заагаад өгчихвөл их зүгээр бн

    (0) (0)