Монголчууд уламжлалт Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг. Улсын хэмжээний 940,000 өрх гадаадаас гарын бэлэг авахгүйгээр, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, гадагш урсдаг нэг их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх учиртай гэх Хотын даргын санаачилгыг ийнхүү ажил хэрэг болгосон юм.
Тус арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний хувцас урлаач 371, бэлэг дурсгал үйлдвэрлэгч 190, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 453 буюу нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож, түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр бүтээгдэхүүнээ борлууллаа. Ийнхүү 45,000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэж, 230,000 гаруй иргэнд үйлчилсэн байна. Тодруулбал, үндэсний хувцасны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг жижиг, дунд бизнес эрхлэгчид 13.8 тэрбум төгрөг, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 10.6 тэрбум төгрөг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 24.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоор “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Нэгдсэн дүнгээр нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, ийм хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо үлдээж чаджээ.