А.Ариунзаяа: Би хамгийн азтай удирдаач

2023 оны 02-р сарын 10 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
94e3u

Удирдаач нар тайзаасаа тэнгэрт гэсэн үг байдаг. Тэрийг хэн ч тэтгэвэрт гаргадаггүй, олон жил болох тусмаа туршлагатай, далайцтай, чадвартай болж төлөвшдөг. Яг л он удаан жил хадгалах тусам чанарждаг дарс шиг.

ЦДБЭЧ-ын Найрал дууны албаны дарга, Ерөнхий хормейстр, МУСТА, дэд хурандаа А.Ариунзаяа энэ сарын 12-ны өдөр “Найрал дууны үдэш” уран бүтээлийн бие даасан анхны тоглолтоо УДБЭТ-ын тайзнаа толилуулж, үзэгч түмний сонор мэлмийг мялаах гэж байна. Түүнтэй уран бүтээлийн яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.

Юуны өмнө үзэгч түмэндээ уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын бэлтгэл гээд тун ч завгүй явна уу?

-Баярлалаа, “Соёмбо” сонины нийт уншигчдад бидний ярилцлага хүрэх мөчийн мэндийг дэвшүүлье. Миний хувьд энэ удаа нэлээд далайцтай тоглолт хийхээр зориод бэлтгэл ажлаа базааж байна. Цэргийн чуулгын найрал дуучдын мэргэжлийн ур чадвар ямар хэмжээнд байдаг вэ гэдгийг энэхүү тоглолтоороо илэрхийлэхийг хүссэн. Хорместрийн мэдлэг, ур чадвар, мэдрэмжээс шалтгаалж найрал дуучид хөгжиж байдаг тул “Найрал дууны үдэш” тоглолтоор дамжуулан хормейстерийн хувьд би өөрийгөө ард түмэндээ шалгуулж байгаа нэг хэлбэр гэж ойлгож байгаа юм.

Ер нь гоцлол дуучны ард зогсоод л дахилтын хэсгийг дуулдаг хэдэн хүнийг найрал дуучид гэдэг юм шигээр хүмүүс ойлгодог шиг байгаа юм. Тийм биш шүү дээ. Өөрийн гэсэн онцлог, өнгө төрх, төрөл жанртай бие даасан том урлаг.

Хормейстер мэргэжлийг яагаад сонгосон хийгээд эл мэргэжлийн онцлогийн талаар яриагаа үргэлжлүүлье…

-Би уг нь анх СУИС-д концертмейстер мэргэжлээр элссэн юм. Гэвч найрал дуунд чин сэтгэлээсээ дуртай тул нэг сарын дараа ангиа солих хүсэлт гаргаж хормейстер рүү орсон. Урьд нь Хөгжмийн багшийн коллежийг төгссөн, энд дөрвөн жил найрал дуунд суучихсан болохоор зүрх сэтгэл минь яах аргагүй л энэ төрөлд татагдсан хэрэг. Манай Хөгжмийн багшийн коллежоос маш олон мундаг хөгжмийн зохиолч, урлагийн хамгийн алдартай томчууд төрөн гарсан байдаг. Энэ бол үнэхээр сургуулийн минь бахархал. Багш нар маань оюутнууддаа элсэж орсон анхны өдөр л сургуулийнхаа түүхийг ярьж өгдөг. Эндээс л ийм мундаг уламжлалтай сургуульд маш сайн суралцаж, маш мундаг болж төгсөх ёстой юм байна гэж өөрийн эрхгүй бодогддог, товчхондоо ирээдүйгээ олоод харчихдаг. Суурь нь дуу хөгжмийн багш, найрал дууны удирдаачаар сургаж төгсгөдөг. Би тэр хичээлдээ маш дуртай байлаа. Хоор дотроо өнгө алдахгүйгээр хоолой салгаад л, түүнийгээ зүрх, тархиараа мэдэрч сонсдог байсан. Ер нь манай ангийнхан бүгд л тийм байв. Урлагийн биш энгийн, өөрөөр хэлбэл ерөнхий эрдмийн багш нараа хичээл заахаар орж ирэхэд нь “Багш аа бид танд гоё найрал дуу дуулж өгье” гээд л эмэгтэй чуулгаараа дуулна. Багш нар маань ч “Та нар энэ хичээлдээ үнэхээр дуртай юм аа” гэж магтдаг байлаа. Магтахаас ч аргагүй тийм л мундаг хүүхдүүд байсан даа. Тиймдээ ч манай ангийнхны дуулсан ганц нэг найрал дуу Монголын радиогийн алтан фондод хадгалагддаг.

Мэргэжлээ сольсон тухай ярихад, мэдээж коллежоо төгсөөд СУИС-д элсэх нь миний нэг том зорилго байсан төдийгүй концертмейстерээр шалгалт өгөөд тэнцчихлээ, хичээл ч эхэллээ, сургуулийн “Оюутан” театрт найрал дууны хичээл ордог гэдгийг ч сонсож мэдлээ. Тэгээд л эхний нэг сард найрал дууны хичээл орох болгонд алгасалгүй очиж сонсдог байлаа. Мэргэжлийн дуулаачийн ангийн оюутнууд дуулж байгаа учраас үнэхээр сайхан сонсогдохыг яана. Тэгээд л нэг өдөр Д.Оюунхишиг багшдаа очоод ангиа сольж болох эсэхийг асууж, хүсэлтээ хэлсэн. Багш маань ч миний хүсэлтийг хүлээн авч сургуулийн удирдлагуудын хурлаар оруулаад л бүх асуудал шийдэгдсэн.

Яагаад ингэтлээ энэ мэргэжилд дурласан юм бэ гэхээр хүн өөрөө олон хоолойг дуугаргана гэдэг үнэхээр тансаг, дурлахгүй байхын аргагүй. Яаж л бол яаж, юу л бол юу дуугардаг тэр чанарт нь татагдсан. Найрал дууны удирдаач гэдэг чинь нарийн нандин мэдрэмж шаарддаг, сонирхолтой мэргэжил шүү дээ.

Нээрээ л мэдрэмж өндөртэй байхыг шаарддаг мэргэжил шиг санагддаг шүү…

-Тэгэлгүй яах вэ, найрал дуучдынхаа амьсгаа, өнгө тембр, бүх ритмүүдийг нэгтгэнэ, чанга сулыг нь тааруулна, тэр байтугай нүднийхээ харцаар ойлголцдог нэг цул хамт олон болгож зангидна. Энэ бол өөр хэний ч биш зөвхөн удирдаач багшийн хийх ажил. Гэхдээ ажлын үр дүн нэлээд цаг хугацаа шаарддаг. Тодруулбал, найрал дуучдаас нэг ч хүнийг солихгүйгээр цөөнгүй жилийн туршид явж байж дээр дурдсан бүхэн нэг болж зангидагддаг гэсэн үг. Үндсэндээ цэвэр багийн урлаг.

Дуучдаа өнгө алдах, үсэг зөрөх төдийд л “барьж авчхаад” байдаг нь гайхалтай санагддаг юм…

-Нөгөө л мэдрэмж шүү дээ. Амны хайрцгаас нь уншина, энэ үгээ буруу хэлчихлээ, энэ үлдчихлээ, энэний өнгө нь жаахан уначихлаа гэх мэтээр бүгдийг нь мэдэрч чаддаг. Тэгээд тэр болгоныг нь засаж, залруулаад л явна. Тэгэхээр эндээс л найрал дуучдын нэг эд эс байх ямархан шалгуурыг давдаг нь харагдаж байгаа биз. Онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэдрэмж, сахилга зохион байгуулалт, биеэ дайчилж, өөрийгөө хөгжүүлэх чадвар хамгийн өндөртэй, хажуугаар нь манай чуулгын хувьд цэрэгжилт сайтай байж гэмээнэ найрал дуучин болно уу гэхээс зүгээр л дураараа, өөрийнхөө зөнгөөр хүн бол хэзээ ч найрал дуучдын эгнээнд багтахгүй. Товчхондоо муу дуучин найрал дуучин болдоггүй юм, найрал дуу өөрөө хамгийн өндөр сахилга зохион байгуулалтыг шаарддаг урлаг гэдгийг л хэлэх гэсэн санаа. Нэг нь хоолой давтаж байхад нөгөөдүүл нь чив чимээгүй анхааралтай сонсоод л… эндээс хүртэл хүний тэсвэр тэвчээр, биесээ хүндлэх хүндлэл харагдана.

Ингэхэд та Цэргийн чуулгатай анх хэрхэн холбогдсон юм бэ?

-СУИС-ийг төгсөх жилээ буюу 2002 онд өөрийнхөө хүсэлтээр ЦДБЭЧ-д дадлага хийсэн юм. Азаар тухайн үед Цэргийн баярт зориулсан тоглолтын бэлтгэл хийж таарсан. Нэг сар гаруй хугацаанд дадлага хийхдээ уран бүтээлчидтэй нь сайхан танилцаад, хамгийн сүүлд өөрийнхөө заасан гурван хоорыг, Цэргийн чуулгын уран бүтээл “Бүүвэйн дуу”-г оркестртой удирдаад дадлагаа 100 хувь хамгаалсан. Тэр үед яагаад ч юм хормейстер болох гэж байгаа учраас Цэргийн чуулгад л дадлага хийж, дуучидтай ажиллая гэж зорьж билээ. Дадлагын хугацаанд Цэргийн чуулгын удирдаач багш нар маань ч харамгүй зааж сургасан, би ч өөрийгөө дайчилж хичээсэн үр дүнд нь асар их зүйлийг сурч мэдэж авсан.

Тэгээд намар нь ЦДБЭЧ-ын маань 70 жилийн ой болж намайг туслах хормейстерээр авч ажиллуулах тухай санал тавьсны дагуу ирж Ч.Гансүх даргатай уулзахад шууд л “Чи залуу хүн, манайд ажилла” гэв. Тэгээд л өөрийгөө ирлэж хурцлаад урам зориг, эрч хүчтэйгээр 70 жилийн ойн тоглолтод ханцуй шамлаад л орчихсон. Тухайн үед 70 жилийн ойн тоглолтууд надад үнэхээр маш их өгөөжөө өгсөн, маш их зүйлд сургасан. Дээр нь ахмадуудтайгаа бүгдтэй нь танилцсан, бүгд л халуун дотноор чин сэтгэлээсээ хайрлан хүлээж авсан, маэстро гэж хүндэлж байсан. Бас бүгд ээлж дараалан зөвлөгөө, сургаалаа хайрласан, тэр сургаал бүр нь надад алтнаас ч илүү үнэтэй байсан. Ингэж л энэ чуулгын өндөр босгоор алхаж, өргөн үүдээр орж ирж, нэг эд эс, бүтээгдэхүүн нь болсон юм. Ч.Гансүх даргын маань дараагийн нэг том дэмжлэг бол “Д.Мяасүрэн багшийг амьд ахуйд нь шавь ор, бүх зүйлийг нь сурч ав” гэсэн үүрэг, зөвлөгөөг өгч тэр агуу мундаг хүнийг миний зөвлөх хормейстерээр авсан. Үнэхээр гоё байгаа биз? (инээв). Тиймдээ ч би Монголд байхгүй хамгийн азтай хормейстер гэж өөрийгөө боддог. Яагаад гэвэл Ч.Гансүх даргынхаа ачаар би тэр мундаг хүнтэй зургаан жил хамт байж, эрдэм мэдлэгийнх нь охь шимээс жаахан ч гэсэн суралцсан. Д.Мяасүрэн багш минь сардаа нэг удаа ирээд л даалгавар өгөөд, түүнийгээ шалгана, үр дүнд нь үндэслээд зөвлөгөөгөө өгнө. Толгой эргүүлсэн олон юм огт ярихгүй, “За, чи нэг дасгал өгөөдөх дөө” гээд л орно. Тэгээд хэсэг сууж байгаад “За, боллоо” гээд гараад явчихна, намайг ажлаа дуусгатал өрөөнд хүлээж байгаад л “Сая тэглээ шүү, ингэлээ шүү, дуучид дунд чинь нэг тийм нөхөр дуугараад байна шүү, тэрийгээ засаарай” гэх мэтээр дуучдын хүртэл зөрүүтэй байдал, мэдлэг дутуу зэргийг олж харж зөвлөдөг байсан. Би үнэхээр азтай хүн.

Гарыг тань ганзаганд, хөлийг тань дөрөөнд хүргэсэн багш нарынхаа тухайд дурдвал…

-Би нэг зүйлийг боддог юм. Цэцэрлэгээс эхлээд өдийг хүртэл хэчнээн сургуульд сурч, хэчнээн багшаар хичээл заалгаж вэ, нэг тоолж үзэх юм сан гэж. Тэр багш болгон маань миний өдий дайтай явахад хувь нэмэр, хичээл зүтгэлээ зориулсан хүмүүс байж таарна шүү дээ. Үндсэндээ би бүх л багш нартаа талархдаг, хүндэтгэдэг, хайрладаг. Энэхүү мэргэжлийг надад зааж сургасан багш гэвэл СУИС-ийн багш МУСТА Д.Оюунхишиг гэж хүн бий. Энэ хүн бол Монголын хормейстерүүдийн хамгийн шилдэг нь. Багшаасаа би маш их зүйл сурсан. Одоо ч суралцсаар л яваа. Манай багш үнэхээр дайчин, шантаршгүй, мятаршгүй тийм л хүн. Багшийнхаа энэ зан чанарыг үнэхээр хүндэтгэдэг, багш шигээ байхыг хичээдэг. Багш минь сэтгэл зүйн хувьд бат бөх, дархлаатай байх тийм л чанарыг бидэнд суулгасан хүн. Угаасаа ч бидний ажил мэргэжлийн онцлог нь өөрөө ийм чанарыг шаарддаг.

Мэргэжлийн урлагийн олон байгууллагаас Цэргийн чуулгын ялгарах онцлог бишгүй л бий байх. Ийм онцлог салбарт ажиллана гэдэг бахархал биз?

-Эх орон, агуу түүх, цэрэг дайчдаа магтан дуулдаг учраас үнэхээр огшдог. Дээр нь цэргийн дүрэмт хувцсаар гоёж, мөрдэс зүүсэн офицер гэдгээрээ ямагт омогшдог. Тэр чанараараа энэ цолыг гундаах эрхгүйгээ ухамсарладаг. Дээр нь цэрэг дайчдаараа овоглосон эл чуулгад хамгийн олон жил ажилласан эмэгтэй хормейстер гэдгээрээ бахархдаг. Энд бас нэг зүйлийг онцлоход намайг ажилд ороод хоёр жил орчим болж байтал “Сайн байна уу, ээж ээ”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэх мэт уянгын дуу дуулаад байна вэ, цэрэг дайчдын сүр хүчийг илтгэн бадраасан жагсаалын дуугаа дуулахаа больсон хэрэг үү, жагсаалын дуугүй болсон юм үү гэсэн шүүмж сонсогдох болов. Сонин хэвлэлээр ч ийм нийтлэл гарсан санагдаж байна. Эндээс миний ажил бодлогоороо үүнтэй холбоотой юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Ч.Гансүх даргын үед бид 2-3 удаа марш дууны уралдаан зарлаж, үүнийхээ үр дүнд жагсаалын цөөнгүй дуутай болсон. Түүгээрээ CD гаргаж, Youtube сувагт ч байршуулсан. Мөн “Монгол цэргийн жавхаа” уралдааны нэг болзол болох заавал дуулах 10 дууны жагсаалтад хүртэл оруулж ажилласан. Үүний үр дүнд жагсаалын дуунууд маань цэрэг дайчдад хүрч чадсан юм. Эдгээр ажлуудыг хамт олноороо гар нийлж хийж чадсан нь бидний бахархал.

Мөн түүнчлэн Монголдоо л гэхэд найрал дуучдаас манайх шиг олон улсын чанартай олон шагналтай найрал дуучид байхгүй. Миний мэдэхээр сүүлийн 20 жил, цаашлаад алдарт жаран харын түүхэнд элэг нэгт монгол түмэндээ ч, дэлхий дахинд ч Армийн хүчтэй байдлыг харуулж чаддаг ганц зэвсэг бол манай найрал дуу. Энэ бол бас бидний том бахархал.

Нээрээ таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу, энэ замналыг хаанаас өвлөв?

-Аав ээж хоёр маань урлагийн хүмүүс. Аав минь морин хуурч, ээж минь хуучир хөгжимчин. Миний бага нас ерөөсөө л Увс аймгийн театрт, тэр тусмаа хөгжмийн яаман дотор өнгөрсөн. Концертын хөтөлбөрийг эхнээс нь авхуулаад дуустал нь цээжилчихсэн, бүжгүүдийн аяыг бүгдийг нь аялдаг, аав ээжийгээ дагаад 45 хоногийн бригадаар байнга явдаг тийм л хүүхэд байлаа. Хөдөө явах замдаа хатсан боорцгийг сүүтэй цайнд дэвтээж идэх, борц шимээд явах, бензиний үнэр хүртэл ямар гоё байдгийг бараг төрсөн цагаасаа эхлээд мэдэрч, урлагийнхны сахилга бат, найруулагчийн зэмлэл, уран бүтээлчдийн цуцашгүй хөдөлмөрийн үнэ цэнийг хар багаасаа ойлгож өссөн. Аав ээж минь Увс аймгийн театрт, дараа нь 1980-аад оны дундуур Архангай, тэгээд Эрдэнэтийн театрт ажилласан хүмүүс. Ээж аавын үеийнхэн миний охин гээд л сүйд болно оо, сураг ажиг тавина, уулзалдана, үнэхээр сайхан байдаг.

Тоглолтын тань оргил хэсгийн тухай товч мэдээллээр яриагаа өндөрлөе?

-Миний ажилласан 20 жилийн найрал дуунд зориулсан бүтээлүүдээс хамгийн шинэлэг, шилдэг бүтээлүүдээ толилуулна. Найрал дуучдын чадварыг харуулж чадна гэж бүтээлүүдээ сонгосон. Ахмадуудын маань нэг гуйлт байдаг юм. Бидний үед хийсэн бүтээлүүдийг залуу хойч үедээ зааж сургаарай, тоглолтуудад оруулж байгаарай, битгий мартагдуулаарай гэдэг. Үнэндээ тийм шүү дээ, яаж “Амрагийн дуу”, “Бүүвэйн дуу, “Манай цэргийн жавхаа”, “Цогтын цэрэг”-гүйгээр Цэргийн чуулгын уран бүтээлийг, тоглолтуудыг төсөөлөх юм бэ. Энэ чинь манай байнгын бэлэн байдаг уран бүтээлийн жагсаалтад бэлхнээ байгаа. Эдгээр дуунуудыг манайд шинээр орж буй залуучууд бүгд цээжилсэн байх ёстой. 50 дуу цээжилж надад шалгуулснаар манай дуучин болдог. Ийм алтан үеийн дуунуудаа ч тоглолтдоо шигтгэсэн нь үзэгчдийг бас огшоох болов уу.

Цаг гарган ярилцсанд баярлалаа, тоглолтод нь амжилт хүсье.

Хошууч Д.МЭНДБАЯР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх