Турк, Сирийн газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2500 гаруй хүн амь насаа алдаад байна

2023 оны 02-р сарын 07 өдөр, 14 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
QNA_TURKIA-ERATH060202023-78hvdq79hkk2mn77978m1o03d3ccbv3wylgrpiuwzsw

Турк, Сирийн нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр болсон. Уг газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02.46 цагийн байдлаар нийт 2500 гаруй хүн амь насаа алдаад байна. Амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэхээр байгааг албаныхан хэлж байна.

Даваа гарагийн үүрээр 04:17 цагт Сирийн хилийн ойролцоох Газиантеп хотын ойролцоо 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Чичиргээний төв цэг нь газрын гадаргаас 17.9 км-ийн гүнд байжээ. Энэ нь Туркийн түүхэнд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байна. Чичиргээ хоёр минутын турш зогсолтгүй үргэлжилснийг гэрчүүд мэдээлжээ.

Үүнээс 12 орчим цагийн дараа хоёр дахь газар хөдлөлт бүртгэгдсэн юм. 7.5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт анхны хөдлөлтийн цэгээс умар зүгт Туркийн Кахраманмарас мужийн Элбистан дүүрэгт болжээ.

Эхний хөдлөлтийн дараах 12 орчим цагийн хугацаанд гамшгийн бүс нутагт доод тал нь 5 магнитудын хүчтэй нийт 13 чичиргээ бүртгэгдсэн тухай АНУ-ын геологийн хүрээлэн мэдээллээ.

Турк болон Сири улсын нутагт амь үрэгдсэн хүний тоо цаг тутамд нэмэгдсээр байна.

Өвлийн хүйтэн цаг агаарын хүнд нөхцөл байдалд барилгын нурангиас дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Эрэн хайх, аврах ажиллагаанд одоогийн байдлаар Европын холбооны 10 улсын 10 эрэн хайх, аврах баг, Япон улсын Эрэн хайх, аврах баг дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Мөн БНХАУ хүмүүнлэгийн тусламж илгээжээ.

Эх сурвалж: Bloomberg

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх