Улсын асрамжинд байгаа ахмад настнуудад үзлэг, асаргаа сувилгаа хийлээ

2023 оны 02-р сарын 06 өдөр, 18 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
329693551_1174211096562271_6382527647338191748_n

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-д ажиллалаа.

ГССҮТ-ийн Сувилахуйн мэргэжлийн албанаас долоо дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус төвийн 174 ахмад настанд эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.

Тухайлбал тус төвд асруулж буй хэвтрийн болон байнгын асаргаа сувилгаа шаардлагатай ахмад настнуудыг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, бүтэн биеийн болон хэсэгчилсэн угаалга, холголт цооролтоос сэргийлэх арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн улсын асрамжинд буй ахмад настнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс гадна сэтгэлийн дэм өгөх зорилгоор ГССҮТ-ийн бүх тасаг, албадаас хандив цуглуулан дархлаа сэргээх аминдэм, хэрэгцээт эм бэлдмэл, ахуйн хэрэглээний зүйлсийг гарын бэлэг болгон хүргэсэн юм.

Ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, нэгэн өдрийг хамтдаа хайр хүндлэл, баяр талархал дунд өнгөрүүлсэн уг арга хэмжээнд ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ахлуулсан 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон оролцжээ.

328902790_1152049948806685_619411966171167141_n

329695734_1389890588425261_1806148190696296264_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх