Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар, мөн хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар “Манай хороо-Миний гудамж” аян болон зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хот, нийтийн аж ахуйн ажлын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-ны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан:
-2023 оны хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 2-ны хооронд нийслэлийн есөн дүүрэгт “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна. Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах, амрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү аян чиглэж буй. Энэ жилийн хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд иргэд, аж ахуй нэгжийг дүүрэг, хороодод мод, бут тарихыг дэмжих, энэ тал дээр шинэ санаачилга, аргачлалыг нэвтрүүлэхэд анхаарна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн 50 метрийн зураглалыг гаргах, энэ зураглалын дагуу цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийхэд ач холбогдол өгч буйгаараа онцлог. Энэ аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийтдээ уриалж байна” хэмээв.
Аяныг Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан, нийслэл дэх Ажлын хэсэг удирдан зохион байгуулах бөгөөд дүүрэг, хороодод дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан дэд Ажлын хэсгүүд ажиллах юм.
Аяны хүрээнд:
- Гудамж, зам, талбайг тохижуулах
- Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах
- Иргэдийн амьдрах орчны нөхцөлийг сайжруулан, чанаржуулах
- Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх
- Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэнжүүлэх, арчилж хамгаалах
- Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх ажлыг хийх юм.
Аянд оролцогчдыг хариуцсан ажлын чиг үүргийн дагуу байр эзлүүлэн:
- Шилдэг дүүрэг
- Шилдэг хороо /орон сууцны/
- Шилдэг хороо /гэр хороолол/
- Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага
- Шилдэг Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/
- Шилдэг орон сууцны контор, хэрэглэгчдэд үйлчлэх төв
- Шилдэг өрх /гэр хороолол/
- Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагыг шалгаруулна.
М.Баяраа: Зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Өнгөрсөн хоёр долоо хоногт УБЗАА бүрэн бүрэлдэхүүнээрээ дүүрэг, хороодод ажиллалаа. Ингэхдээ бид дүүрэг, хороодод тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, зарим нэгийг нь газар дээр нь шийдэж байна. Хот, нийтийн аж ахуй болон бусад асуудалтай холбоотойгоор шийдэл олох, бусад агентлаг, газруудтай уялдаа холбоогоо сайжруулж ажиллана.
Хотын зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний ажил жигдрээд явж буй. 457 аж ахуйн нэгж, байгууллага 19,305 ам метр талбайг цэвэрлэлээ. Мөн 100 СӨХ-ны оролцоотойгоор 84,374 ам метр талбайн халтиргаа гулгаа, дагтаршсан цас мөсийг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Зөвхөн хотын төв ч бус, зуслангийн бүс болон алслагдсан замуудыг цэвэрлэхэд анхаарч байна.
Нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажил үргэлжилж байна. Нийт 980 гаруй ажилчин, албан хаагч 150 гаруй техниктэйгээр ажиллаж, 10,500 гаруй тоо толгой малыг гаргалаа. Төв аймаг болон Налайх дүүргээс орж ирж байгаа малын эзэдтэй ойлголцох, мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулж байна.
Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт халиа тошин үүсэж буй бүсэд Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-тай уялдан ажиллаж, хүн хүч, машин техникийн нэмэлт дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, ГУББГ-аас нийт зургаан байршилд 3584 шоо метр мөсөнд суваг гаргаж, 1017 шоо метр мөсийг зөөж тээвэрлэн, 680 тонн шороон хаалт хийж, 250 кг бодис цацан, 6800 шоо метр ус соруулсан” гэсэн юм.
Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг байнгын ажиллагаатай, өнгө үзэмжтэй байлгах зорилтын хүрээнд нийтийн бие засах газар, автобусны буудлуудыг тохижуулах, аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх талбайн зураглалыг хийлгэж, тохижуулах, асуудлаар GS-25, CU сүлжээ франчайзингтай хамтарч ажиллахаар болсныг тэрбээр онцолсон. Мөн эзэнгүй муур, нохойн тоог хязгаарлах ажлыг шинэ тарифаар гүйцэтгэх, халиа тошин үүссэн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буй гэв.
Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, нийтийн тээврийн богино эргэлтийн чиглэлийн талаар тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Маршрутын өөрчлөлтөд иргэд ам сайтай байна. Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд орж ирэхэд Гачуурт, Хонхор зэрэг алслагдсан бүс рүү явах тээврийн хэрэгслийн тоог нэмнэ” гэлээ.
Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 1583 аж ахуйн нэгж, байгууллага ойр орчмынхоо 50 метр талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг тогтолцоог илүү тодорхой болгохын тулд зураглал гаргаж байгаа. Энэ нь тухайн аж ахуйн нэгж яг аль хэсгийг хариуцах вэ гэдгийг мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажил илүү цэгцтэй, зохион байгуулалттай болно” гэсэн юм.