Энэхүү сорилтот аялалд гарахаас өмнө хэд хэдэн удаагийн бэлтгэл алхалтыг зохион байгуулж, туршлагатай алхагчид нь өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, сэтгэл зүй, бие махбодийн бэлтгэл хангаж, онлайнаар хүртэл зөвлөгөө өгөх уулзалтыг хийж ярилцсаар ийнхүү товлосон цагтаа зориг шулуудан хөдөлцгөөв.
Монгол орныхоо зүг бүрээс хуран цугласан Монголын явган алхалтын холбооны гишүүд, дэмжигчид болох 100 хүн 2023 оны 1 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 90 орчим км-т орших Хан Хэнтий нурууны ноён оргил Асралт хайрханыг зорьж далайн түвшнээс дээш 2799 метрт өргөгдсөн их оргилд амжилттай хүрч, эх орныхоо онгон дагшин байгаль дэлхий, гайхамшиг, баяр бахдалыг мэдэрцгээв. Өглөөний тачигнасан жавар, эрчилсэн салхийг сөрж, эгц өгсүүрт зүтгэж, хунгар цасыг туучин оргилд хүрч, өөрийгөө ялж, хязгаараа давсан хэн бүхний дотор бахархал төрж, огших нь аргагүй ажээ.
Энэхүү хөтөлбөрт Багануур дүүргийн явган алхалтын холбооны үүсгэн байгуулагч, Спортын мастер, улсын шүүгч, дасгалжуулагч, 1982 оноос спорт явган аялалыг тасралтгүй хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа Г.Нансалмаагын удирдлаган дор Дорноговь, Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Төв аймаг мөн нийслэлийн Багахангай, Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн явган алхалтын холбоод, явган алхалтын Хобби, Эрдэнэтийн эрдэнэс клуб, www.facebook.com/groups/mongolwalkers -ийн гишүүд идэвхтэй оролцсон бөгөөд Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвийн төлөөлж, мэргэжилтэн Х.Бямбасүрэн албан ёсоор оролцож, алхагчидад хөдөлгөөний эрүүл мэндийн талаар төрөөс барьж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Тус хөтөлбөрийн хамгийн өндөр настай оролцогч нь 75 настай Л.Ганбаатар, Н.Пүрэвдаш нар бөгөөд хамгийн залуу оролцогч нь 13 настай Б.Уяхан нар байв.
Бэрхшээлийн ард бэлэг
Хүчтэй салхинд хийсчих аядан алхаж, мацах тусам хөл суларч, бие ядарч сульдах боловч олны дэм, хамтын зүтгэл юутай хүчтэй вэ гэдгийг нотлон харуулсан олон сайхан үйл явдлуудаар дүүрэн байлаа. Асралт хайрханд гарахад хоёр огцом өгсүүр авирах бөгөөд нэлээдгүй бяр тэнхээг шавхаж байв. Багийн ахлагч нарын шуурхай уулзалт болж баг бүрийн гишүүдийн бие, сэтгэл, эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл авч цаашид алхалтыг үргэлжлүүлэх боломжгүй гишүүдийн талаарх мэдээллийг авсан бөгөөд хэдий шантармаар нөхцөл байдалд байгаа ч эмч нарын зөвлөгөө, анд нөхдийн дэм, өөрийн зориг, бэлтгэлд найдаж өөрийгөө зоригжуулах алхагчдыг харах нь урамтай, нөгөө талаар бахархмаар аж. Гэсэн хэдий ч биднээс 3 алхагч оргилд хүрэх боломжгүй гэж үзэн багийн ахлагчийн шийдвэрээр авиралтыг зогсоов. Гэхдээ зорьсондоо хүрэх цаг хугацаа, уртаас урт сонирхолтой аялал, шинэ боломж дахин дахин ирнэ гэдгийг мэдэж байгаа эдгээр алхагчдын маань энэхүү шийдвэр “ялагдал бус ялалт” байсан гэдгийг онцолмоор байна.
Өнгөрсөн жилээс ялгаатай нь энэ жил салхи, шуурга ихтэй байсан тул нүүр нүдгүй цасанд ороолгуулж, нүүр хорсох аж. Нэг нэгэндээ сэтгэл зориулж, зөвлөж, туслаж, хуваалцаж, дэмжиж байгаа хүн чанартай үйлдлүүд нь оргилд хүрэхээс өмнө аль хэдийн “хүн бүр ялсан” гэх агуулгад нийцнэ. Эцэст нь цөмөөрөө оргилд хүрлээ. Гайхалтай нь энэ удаагийн хөтөлбөрт оролцсон алхагчидыг хангай дэлхий ивээж оргилд гарсны дараа ер бусын дулаахан болж, тэнгэр цэлмэг, нар зөөлнөөр ээж, салхи тогтов. Удтал зураг даруулж, хөгжилдөж, шилдэг гишүүддээ шагнал урамшил олгох таатай боломж таарч байлаа. Энэхүү ялалтыг баталгаажуулж оролцогч бүр амжилтын сертификатаа их уулсынхаа дунд гардан авч, нэгэн гайхамшигтай дурсамжийг бүтээцгээлээ. Мэргэжлийн тогоочийн удирдлага дор хээрийн хоол, амттай цуйван, банштай цай, ногоотой шөлөөр явган аялагчдаа дайлсан жолооч нарын багийг хөдөлмөрт талархаж, амтархан идэцгээв.
Монголын явган алхалтын холбоо (www.facebook.com/MongolianWalkers) нь 2023 оны туршид сар бүр гадаад улсад нэг алхалын хөтөлбөр, сар бүр аль нэг аймагт нэг алхалтын хөтөлбөр зохион байгуулж, үндэсний хэмжээнд аймаг, дүүргүүдийн явган алхалтын холбоод 7 хоног бүр тогтмол алхалтуудыг зохион байгуулж байхаар төлөвлөж байгаа юм.
Монгол орныхоо гурван их уулсын нэг Төв, Сэлэнгэ, Хэнтий гурван аймгийн арав гаруй сумын нутгийг дамнан орших Хан Хэнтий нуруунд хүрч алхсан нийт явган алхагчид, амьдралын нэгэн өдрийн сайхан дурсамжийг хальсанд буулгасан Дорноговь аймгийн явган алхалтын холбооны гишүүн О.Лхагважаргал, зохион байгуулагч нар та бүхэндээ халуун талархал илэрхийлж, дараа дараачийн явган аялал, алхалтын хөтөлбөрүүдэд нь өндөр амжилт хүсье. Алхалт үнэ цэнийг бүтээнэ.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо