АТГ: Гэмт хэргийн шинжтэй 133 гомдол, мэдээллийг шалгав

2023 оны 01-р сарын 24 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avilga

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 133 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 118 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 764 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 1 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 753 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэгт 9 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БНХАУ-ын иргэд нийтийн албан тушаалтан “Д”-д 20 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
  • Гаалийн улсын байцаагч “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;
  • “П” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хил хамгаалах ерөнхий газрын албан тушаалтан “Т”, “С” нар бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Дундговь аймгийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын удирдах албан тушаалтан “Б”, “Т” нар албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж 28,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх