Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2023 оны 01-р сарын 18 өдөр, 15 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
93fbd42213c646c4a333bec6eb654356

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр (2023.01.18) гурван хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Үүнд, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа билээ.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг  хэрэгжүүлэхэд хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан хүндрэл бэрхшээл үүсээд байгаа хэрэгцээ, шаардлагад үндэслэн шүүн таслах ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, иргэдийн шүүхээр үйлчлүүлэх эрх зөрчигдөхөөс сэргийлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй хэргийн оролцогчдын эрхийг хангах зорилгоор Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэж салбарын сайд танилцуулав.

Тэрбээр, Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасан нөхцөл байдлаас үзэхэд цаг хугацааны хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахууд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан хугацаа буюу 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан шаардлага хангах боломжгүй болоод байгаа асуудал практикт үүсээд байна. Нөгөөтэйгүүр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй шүүгчийн туслахуудыг ажлаас чөлөөлсөн тохиолдолд шүүхэд шүүгчийн туслахын хүний нөөцийн хомсдол үүсэж, улмаар шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрээд байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд хангана.” гэж  заасан хугацааг “гурван жил” болгох өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Монгол Улсын эдийн засгийг сэргээх, тэлэх, эрчимжүүлэх үүднээс төрөөс хувийн хэвшлийг дэмжих зорилгоор төсөл, зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж, зээл, тусламжийг олгож байгаа билээ. Гэвч энэхүү төсөл, зорилтот хөтөлбөр, зээл, тусламжийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлоор завшсан, түүнчлэн өөрийн хамаарал бүхий этгээдэд олгуулах ёс зүйгүй асуудал гарч байгаа талаар олон нийтийн зүгээс шүүмжлэл их дагуулж байна. Тухайлбал, иргэд, олон нийтийн зүгээс Хөгжлийн банк, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, “нүүрсний хулгай” гэх зэрэг асуудалтай холбоотойгоор үзэл бодол, шүүмжлэлээ илэрхийлсээр байна. Эдгээр зүй бус асуудлууд авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх олон нийтийн хардлагыг эрс нэмэгдүүлж, төрд итгэх иргэдийн итгэл бууруулахад хүргээд байна.

Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий этгээдийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт, баталгаа, зээл тухайлбал, боловсролын сангийн зээлд хамруулж, иргэдийн сурч боловсрох боломжийг хязгаарлаж байна гэх олон нийтийн хардлага нэмэгдсээр байна. Иймд иргэдийн сурч боловсрох эрхийг улс төрд нөлөө бүхий этгээдийн нөлөөллөөс ангид, тэгш, хүртээмжтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байна.

Олон улсын чиг хандлагаас харахад, төрийн албан хаагчийн ёс зүй, эрх мэдлээ урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх үүднээс улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдний хөрөнгө, орлогыг ил тод болгох, хянах, зарим төрлийн хязгаарлалтыг тухайлсан хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулж байгаа туршлагууд байна.

Иймд олон улсын туршлагаас жишиг авч, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилтыг хангах, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, нийтийн албаны үйл ажиллагааг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс хамгаалах зорилгоор улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийн хувьд зарим үйл ажиллагааг хориглох талаар зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлэн зарим зохицуулалтыг хуулийн төсөлд тусган болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тухайлбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах субьектэд Улсын Их Хуралд суудал бүхий намын дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадгаас гадна танилцуулдаг байгууллагын дарга, тэдгээрийн орлогч нарыг нэмж тусгалаа. Мөн эдгээр албан тушаалтан болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдийг нээлттэй тендер шалгаруулалт оролцох боломжтой байсныг өөрчлөн бүх хэлбэрийн тендер шалгаруулалтад оролцохгүй байх өөрчлөлтийг тусгажээ.

Мөн олон улсын туршлагаас жишиг авч, Монгол Улсын онцлогт нийцүүлэн улс төрд нөлөө бүхий зарим этгээд болон тэдний хамаарал бүхий этгээдийг тодорхойлж, тэдгээрт хязгаарлалт, хориглолт тогтоох шаардлагатай гэж үзлээ. Улс төрд нөлөө бүхий зарим этгээдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын албан тушаал эрхэлж байгаа хүн байхаар тодорхойлсон бөгөөд тэдгээрийн улс төрд нөлөө бүхий этгээдэд нөлөөлөх хамгийн ойрын хамаарал бүхий этгээдэд түүний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдийг хамааруулахаар хуулийн төсөлд тусгасан. Эдгээр улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрөөс хэрэгжүүлэх, санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, арилжааны шинжтэй төсөл, хөтөлбөр, эсхүл төрөөс олгох хөнгөлөлт, баталгаа, хандив, зээл хүртэгч, эсхүл эдгээрийг гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжийн нөлөө бүхий хувьцаа, хөрөнгө эзэмшигч, хамтрагч байхыг хориглох нэмэлтийг тусгажээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг даргын эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд төрийн албаны удирдах албан тушаал эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчит компани, улсын үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглохоор зохицууллаа. Түүнчлэн эдгээр хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн этгээд болон эрх бүхий албан тушаалтанд хариуцлагыг хүлээлгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар

Хууль тогтоомжийн тухай хууль нь 2015 онд батлагдсан, 11 бүлэг, 53 зүйлтэй. Уг хуульд батлагдсанаас хойш нийт 7 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон. Хуулийн төсөлд нийгмийн харилцааны тулгамдсан асуудлыг харгалзан тухайн хуульд нэмэлт оруулах, хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, тодорхой зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцож байгаа тул  Хууль тогтоомжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтад заасны дагуу хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй орсон зарим өөрчлөлтүүдийг дурдвал:

– Хуулийн төсөлд Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар, үндсэн чиглэлийн төсөлд санал өгөх байгууллага нь энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны, эсхүл энэ хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу нийгмийн тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр уг асуудлаар шинээр хууль гаргах, эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлохоор тусгасан байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд Үндсэн чиглэлийн төсөлд Засгийн газрын гишүүдээс санал авч Засгийн газрын санаачлах хуулийн төслийг тусгадаг тул  Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулахаар тусгажээ.

– Хуулийн төслийн төрлийг анхдагч, хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн шинэчилсэн найруулгын тухай болон хууль хүчингүй болсонд тооцох тухай гэж шинэчлэн тогтоож, тодорхой салбарын хоорондоо уялдаатай хэд хэдэн хуулийн төслийг нэгэн зэрэг хамтад нь хэлэлцүүлэхээр бол багц хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж болохоор орууллаа. Өөрөөр хэлбэл багц хуулийн төсөл нь хуулийн төслийн төрөл биш бөгөөд дээр дурдсан хуулийн төслийн төрлөөр Хууль тогтоомжийн тухай хууль болон хуулийн тогтоомжийн төсөл боловсруулах аргачлалын дагуу холбогдох хуулиудыг санаачилж, тухайн харилцааг зохицуулж байгаа ерөнхий хуулийг дагаж хууль шинээр боловсруулах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хууль тус бүрийн агуулгыг нэгтгэн нэг үзэл баримтлал тодорхойлохоор тусгажээ.

– Хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй зохицуулалтын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхээр, уг тайлбарт хуулийн төсөлд зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулахаар заасан байна.

– Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар ямар нэгэн эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулахаар тогтоожээ.

– Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3-т “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ.” гэж Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийг заасанд нийцүүлэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх талаарх нэмэлтийг тусгажээ.

– Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчилж, үйл ажиллагааны дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн эрх зүйн салбарын хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх, үүнээс бусад үнэлгээ, судалгааг захиалгаар гэрээний үндсэн дээр хийж болохоор чиг үүргийг тодорхой тусгахаар болжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх