“М-Си-Эс Кока-Кола” компани БШУЯ-ны санаачилгыг дэмжиж, 75 хүүхдийн ортой байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгууллаа. Тус компанийн нийт ажилтны 43 хувь нь 2-5 насны хүүхэдтэй тул цэцэрлэг байгуулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд ийнхүү хувь нэмрээ оруулж буй аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “М-Си-Эс Кока-Кола” компанийн дэргэдэх “Happy Kids” цэцэрлэгийн сургалт, хөгжлийн үйл ажиллагааг БЗД-ийн 62-р цэцэрлэг хариуцах бөгөөд ажлын онцлогт нийцүүлэн уртасгасан цагаар ажиллах таатай нөхцөл бүрдүүлжээ. Мөн хүүхдүүдэд зориулан монгол бүжиг, балет зэрэг гоо зүйн хичээлээс гадна оюуны хөгжлийг дэмжих сургалтын нэмэлт хөтөлбөр тусгажээ.
“М-Си-Эс Кока-Кола” компани өөрийн хөрөнгө оруулалтаар байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулснаар ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажилдаа үр бүтээмжтэй, тогтвор суурьшилтай ажиллах орчныг бүрдүүлж буй юм.
Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж буй нутаг дэвсгэр болох БЗД-ийн 10-р хорооны цэцэрлэгийн насны тодорхой тооны хүүхдийг байгууллагын дэргэдэх цэцэрлэгтээ хамруулахаар болсон байна.