Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Шүүх шинжилгээний ерөнхий газар байгууллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгууллаа. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг өөрчлөн байгуулсантай холбогдуулан орон тоо, техник, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг Шүүх шинжилгээний ерөнхий газарт шилжүүлж, тус газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ онд батлагдсан төсвийн багцад багтаан шийдвэрлэхийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Дэд сайд нарыг томиллоо
Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын, Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын, Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,
Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.
Улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам баталлаа.
Улсын Их Хурлаас 2022 оны долдугаар сард Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Тус хуулиар төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд дүйцүүлэн тооцох зохицуулалт орсон юм.
Төрийн албаны зөвлөлийн цахим системийн бүртгэлээр 2022 оны долдугаар сарын байдлаар 4165 төрийн улс төрийн албан тушаалтан ажиллаж байна.
Үүнээс Төрийн өндөр албан тушаалтанд хамаарах улс төрийн албан тушаалд 132, бүх шатны Засаг дарга 2220, Засаг даргын орлогч 371, улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан 342, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албанд 44, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, хуульд заасан бусад албан тушаалд 1053 албан хаагч ажиллаж байна.
Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам
Батлагдсанаар төрийн захиргааны албан тушаалд ажиллах нөөц нэмэгдэж, ингэснээр өрсөлдөөн бий болох, төрийн залгамж чанар хадгалагдах, хуульд заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчим хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Товч мэдээ
· Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
· Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг баталж, журмын хэрэгжилтэд хяналт тавьж, хүүхдийн мөнгийг олгох арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, Сангийн сайд Б.Жавхлан нарт үүрэг болголоо.