Онцгой байдлын алба хаагчид 3653 хүний амь нас, 260,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалав

2022 оны 12-р сарын 28 өдөр, 17 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
322709964_519233886661600_8509136005446281960_n
Онцгой байдлын байгууллага өнөөдөр 2022 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2022 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулсан юм.
Онцгой байдлын байгууллага 2022 онд “Онцгой байдлын албаны техник, багаж, тоног төхөөрөмж, хувцас хэрэгслийн чанар ашиглалтыг сайжруулах”, “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулах” гэсэн хоёр зорилтыг дэвшүүлэн ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 4129 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3653 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 260,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм. Түүнчлэн Агаараас эрэн хайх, аврах анги энэ оноос ард иргэддээ тусламж үйлчилгээ үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.
Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Говь-Алтай аймгийн Цогт, Увс аймгийн Давст, Завхан аймгийн Сонгино, Архангай аймгийн Тариат, Дундговь аймгийн Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгүүд, Булган аймгийн Хутаг-Өндөр, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум дахь Эрэн хайх аврах салбарууд, Төв аймгийн Батсүмбэр сум, нийслэлийн Баянзүрх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 4-р зэрэглэлийн анги, нийт 9 анги, салбар, бүлгийн ажиллагааг эхлүүллээ.
Алба хаагчдыг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор Улсын нөөцийн анги, салбар, цэгийн төрийн үйлчилгээний 24 албан тушаалын 303 албан хаагчийн ангилал, зэрэглэлийг үе шаттайгаар төрийн тусгай зэрэглэлд шилжүүлэхээр шийдвэрлэж, 1007 алба хаагчид мэргэжлийн зэргийг олгосноор алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлсэн бол тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангалт 34.0 хувиар өссөн зэргээр албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангаж ажилласан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх