Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч амиа алджээ

2022 оны 12-р сарын 16 өдөр, 15 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
setguulch

 Энэ онд дэлхий даяар 57 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа амиа алдсан талаар олон улсын сэтгүүлчдийн байгууллага мэдээллээ.

Парис хотноо төвтэй Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ны хооронд бүртгэгдсэн дээрх үзүүлэлт өмнөх оныхоос есөөр нэмэгджээ.

Улс орнуудаар авч үзвэл, Мексикт хамгийн олон буюу 11 сэтгүүлч, Украинд найман сэтгүүлч амиа алдсан байна. 2022 онд амиа алдсан сэтгүүлчдийн тоо нэмэгдэхэд Украины дайн нөлөөлсөн гэдгийг тайланд тэмдэглэжээ.

Мөн энэ онд 533 сэтгүүлч баривчлагдсан нь энэ талаарх мэдээллийг 1995 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Жагсаалтын эхэнд 110 сэтгүүлч баривчлагдсан Хятад, 62 сэтгүүлч баривчлагдсан Мьянмар бичигдсэн байна. Харин ОХУ-д 18 сэтгүүлч баривчлагдаад байна.

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар тайландаа, “дарангуйллын, захиргаадалтын дэглэмүүд сэтгүүлчдийг хорих үзэгдэл урьд өмнөхөөсөө нэмэгдэж” байгааг онцлоод, “сэтгүүл зүйн чөлөөт, хараат бус байдал, олон ургалч үзлийг эрхэмлэгч хэн бүхэн эв санааны нэгдлээ харуулах” нэн шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх