Манай гараг найм дахь тэрбум иргэнээ өчигдөр хүлээж авлаа. Монгол гэр бүлээс төрсөн хүү ийнхүү түүхэнд бичигдлээ.
Тодруулбал, Австралийн нийслэл хот Канберра хотод ажиллаж, амьдарч буй Эрдэнэцогтын Лхагвасүрэн, Батжаргалын Ананд нар өчигдөр шинэ хүнээ өлгийдөн авсан нь энэ юм. Тэд хүүдээ Мэргэн гэдэг нэр хайрласан бөгөөд эх хүүхдийн бие энх байгаа талаар Австралийн https://www.canberratimes.com сайт нийтлэжээ. Гэрэл зургийг Keegan Carroll авсан байна.
Мөн хүүгийн аав цахим хуудасдаа “Шинэ улсад ирээд шинэ хүнээ өлгийдөн авлаа. Миний хүү НҮБ-ийн тооцооллын дагуу дэлхийн хүн ам найман тэрбум хүрэх өдөр аав ээждээ ирж хэзээ ч мартагдахааргүй том бэлэг барилаа. (Найман тэрбум дахь хүнийг нарийн тодорхойлох боломж байдаггүй учир энэ өдөр төрсөн хүмүүсийг хамруулдаг юм байна шүү. Миний хүү Австрали Улсын нийслэл Канберра хотод энэ өдөр төрсөн ганц хүүхэд байна гэж эмч маань хэлээд бидэнд хандсан билээ. Хамгийн мундаг ажлыг хийсэн хайрт эхнэр Лхагвасүрэндээ баярлаад баршгүй нь” гэж бичжээ.
Сонирхуулахад, НҮБ-аас хийсэн тооцоогоор манай дэлхийн хүн ам:
– 1927 онд 2 тэрбум
– 1960 онд 3 тэрбум
– 1974 онд 4 тэрбум
– 1987 онд 5 тэрбум
– 1999 онд 6 тэрбум
– 2011 онд 7 тэрбумд хүрч байв. Ингэснээр манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор нэг тэрбумаар нэмэгджээ.