Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн тоо хохирлыг бууруулах, амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, иргэдэд галын аюулгүй байдлаа хангах мэдлэг, мэдээллийг цахим орчинд түгээх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” нөлөөллийн аяныг 2022 оны 10 дугаар сарын 03-наас 11 дүгээр сарын 14-нийг дуустал хэрэгжүүлж ажиллалаа.
Аяны хүрээнд иргэдэд гэр, орон сууц, орчны галын аюулгүй байдлаа хангах талаар зөвлөмж зурагт хуудас, видео сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цахим орчинд түгээж, давхардсан тоогоор 1.8 сая фейсбүүк хэрэглэгчээс хандалт авсан.Тус аяныг хэрэгжүүлсэн хугацааны гал түймрийн тоо, хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 15.1%-иар буурсан үр дүнтэй байна.
“Гал ганц хоромд-мартаж болохгүй” нөлөөллийн аяны удирдамжийн хүрээнд НОБГ-ын алба хаагчид, “Таван толгой түлш” ХХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан, албан хаагчидтай хамтран 110 мянга гаруй өрхийг хамруулан гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, гарын авлага, санамж, сэрэмжлүүлэг материал тараан, лед дэлгэцээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдээллийг 1310 удаа, тусгай зориулалтын автомашины чанга яригчаар 90 байршилд 1295 удаагийн давтамжтай хүргэж ажиллалаа.
Тус газраас цаг улирлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлллээр хангах зорилгоор цахим орчинд нөлөөллийн аяныг хэрэгжүүлэн ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.