Бурхан багшийн эцэг эхийн ачийг хариулсан их Дүйчэн өдөр нь Билгийн тооллын Намрын адаг сарын 22-ны өдөр тохиодог билээ. Эцэг эхийн ачийг хариулах дүйчэн өдөр нь ийнхүү өнөөдөр тохиож байна. Эрдэнэт хүний биеийг хайрласан эцэг, эхийн цаглашгүй их ачийг санах энэхүү дүйчэн өдрийг Бурханы шашинт улс орнууд онцгойлон тэмдэглэдэг. Бурхан багшийн “Эцэг эхийн ачлалыг хэрхэн хариулах тухай гэгээн сургаал”-д эцэг эхийн асрал хайр агуу бөгөөд нэгэн насанд хариулахад бэрх, ачлалыг хариулахад эс хичээсний гэм хүнд болохыг хүмүүн төрөлхтөнд сайтар ойлгуулахын тухайд номложээ.
Монголчууд эртнээс эцэг эх, ахас дээдсээ өргөн хүндэлж, хайрлан энэрэх ёс уламжлалыг үеэс үед сахин хүндэтгэж, үр хойчдоо уламжлуулан өвлүүлж иржээ. Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, сэтгэлийг нь баясгаж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна. Энэ өдөр хүмүүс буян хийж, цагаан хоол идэж, нүглийг тэвчдэг байх хэрэгтэй хэмээн бас номложээ.