Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

2022 оны 11-р сарын 08 өдөр, 19 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
314383359_2237740329734162_2223610459217536442_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эл-Шейх хотноо болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси,

Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж байгаа Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Засгийн газарт гүн талархал илэрхийлж, дээд түвшний уулзалт болон бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Энэ удаагийн Талуудын бага хурал нь уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй өртөж буй Африк тивд болж байгаагаараа онцлог юм.

Дэлхий нийтийг хамарсан хүнс, эрчим хүчний хомсдол, үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудал олон байгаа хэдий ч дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэх, түүн дотроо уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх хүчин чармайлтаа хэрхэвч сулруулж болохгүй, харин ч улам идэвхтэй ажиллах нь чухал байна.

Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна.

Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн.

Нэгдсэн үндэстний байгууллагын 2021 оны судалгаагаар дэлхийн хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа бөгөөд 828 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай тайлан гарсан.

Ийм учраас улс орон бүр хүнсний хангамж, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд цогцоор нь авч үзэх нь зүйтэй юм.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүднээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эх орондоо санаачлан зохион байгуулж байна.

Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр ойн сан нэмэгдэж, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээс гадна  хөрс хамгаалал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл,  хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Энэ хөдөлгөөнд Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нэгдэн, дэмжин оролцсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин бидэнтэй хамтран ажиллаж байгаа дэлхийн улс орнууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах Ази тивийн анхны улс болж байгааг дуулгахад таатай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орны нэг. Манай орны ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээ дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч хүн ам болон эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад өндөрт тооцогддог.

Тийм ч учраас Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, өөрийн зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн.

Энэ хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо 27.2 хувьд хүргэн ахиулан тодорхойлсон нь манай орны хувьд өндөр үзүүлэлт юм.

Монгол Улсын хүлэмжийн хийн ялгарлын дийлэнх нь эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт оногддог.

Манай улс газар зүйн байршил, цаг уурын нөхцөлийн хувьд 2,600 гегаваттаар хэмжигдэхүйц сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашид бүс нутгийн эрчим хүчний хангамжид хувь нэмэр оруулах боломжтойг харуулж байна.

Одоогийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын  18.2 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд 2030 он гэхэд 30 хувьд хүргэхийг зорьж байна.

Өдгөө манай улсын малчин өрхийн 75 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашигладаг.

Дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор бүс нутгийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад метан хийн ялгаралд онцгой анхаарч, “Даян дэлхийн метаны амлалт”-д саяхан нэгдсэн.

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна.

Уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөтэй хавсран биологийн олон янз байдлын хомсдол, газрын доройтол, цөлжилтийн явцыг түргэтгэж байна.

Иймд Нэгдсэн үндэстний байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэлээ хангаж байгааг дуулгахад таатай байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын суурь конвенцууд буюу Риогийн 3 конвенцын хоёр болон олон талт хамтын ажиллагааны механизмууд, тухайлбал “Парисын хэлэлцээр”-ийн 6 дугаар зүйлд заасан дэлхийн нүүрстөрөгчийн зах зээлийг улс орнууд оновчтой ашиглах нь зүйтэй юм.

Ингэснээр хөгжиж буй улс орнуудад шинэ техник, технологи, инновац нэвтрүүлэх, ногоон санхүүжилтээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэх бөгөөд үр дүнд нь хөгжиж буй улс орнууд тулгарч буй бэрхшээл сорилтоо амжилттай даван туулж, дэвшүүлсэн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.

Тиймээс Монгол Улс дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, донор болон хөгжлийн түншүүд Та бүхэнтэй бүх талаар нээлттэй, харилцан ашигтай, үр дүнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа энэ хүндэт индрээс дахин илэрхийлье.

Эцэст нь хэлэхэд Та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтоо цаг хугацаанд нь амжилттай ханган хэрэгжүүлж, цаашид тогтвортой хөгжлийг цогцлооход онцгой чухал үүрэгтэй юм.

Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх