Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 97 хувьтай байна. Мөн төвийн зургаан дүүргийн авто зогсоолын тоог нарийвчлан гаргах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 344 байршилд 15,181 автомашины зогсоол байгаа судалгаа гарч, Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ.
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.
ӨЧИГДРИЙН ЦАСНААР 1099 ХҮН 103 МАШИН, ТЕХНИКТЭЙ АЖИЛЛАЛАА
Хотын дарга өчигдөр орсон цастай холбоотойгоор нөхцөл байдал ямар байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболдоос тодруулахад “Өнгөрсөн ням гарагт Улаанбаатар хотод 04:30 цагаас цас орж эхэлсэн. Дүүргийн ЗДТГ, ТҮК бэлтгэлтэй байж, 06:00 цагаас цэвэрлэгээг эхлүүллээ. 1099 хүн тусгай зориулалтын 103 машин, техниктэй ажиллаж, 344.9 тонн давс, 111.2 тонн бодис цацсан. Одоо ч давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Давсны 4874.1 тонн, бодисын 3000 тонн орчим нөөцтэй” хэмээлээ.
Мөн үргэлжлүүлэн Хотын дарга өвөлжилтийн бэлтгэл ажил, хүндрэл бэрхшээл болон иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажлын талаар дүүргийн Засаг дарга нараас тодруулав. Дүүргүүдийн хувьд Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх Шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа аж.
Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц “Цас их хэмжээгээр орсонтой холбоотой халтиргаа, гулгаа нэмэгдсэн. Иргэдийн аюулгүй байдлыг хангахаар Онцгой байдлын хэлтэс болон Хот тохижилтын алба ажиллаж байгаа. Өчигдрийн байдлаар 28 албан хаагч 253 иргэн, аж ахуйн нэгж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Нийт 300 кг давс, 1.5 тонн бодис цацсан” хэмээв.
Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Хоёр өдөр дараалан цас орсны улмаас нөхцөл байдал хүнд байлаа. 10 тонн бодис нөөцөөс гаргаж ажилласан. Онцгой байдлын хэлтсээс 43 дуудлагаар 58 автомашин 251 хүнд аврах ажиллагааг зохион байгууллаа. Улаанбаатар-Хэнтий, Хэнтий-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн гурван том оврын автобусаар зорчсон 120 иргэнийг Багануур дүүрэгт түр байрлуулсан. Өнөөдөр оройноос мөн цас орох магадлалтай. Өвөлжилтийн бэлтгэл 93.8 хувьтай байна” гэлээ.
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар “Манай дүүрэг энэ жилээс шахмал түлш түлж эхэлж байгаа. 7691 иргэн 235 аж ахуйн нэгжид нийт 41 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн судалгаа гарсан. 59 байгууллагын 1400 гаруй албан хаагч хяналт тавьж, иргэдэд мэдээлэл өгч байна. Борлуулалтын 31 цэг ажиллаж байгаа. Цас орох үед Тэрэлж орчмын хоёр даваанд 250 гаруй машин 500 орчим иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Зам, харгуйн цэвэрлэгээнд гурван чиглэлд хүмүүсээ хуваарилж, ажилласан. Зургаан тонн бодис, 30 тонн давсны үлдэгдэлтэй байна” хэмээн ярилаа.
Сонгинохайрхан дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 93.2 хувьтай байна. Өчигдрийн цаснаар 10 тонн бодис, 24 тонн давс цацаж, авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг хэвийн болгожээ. Харин Баянзүрх дүүргийн хэмжээнд сайжруулсан шахмал түлшний 115 цэг ажиллаж байна. Арваннэгдүгээр сард нэмж 45 цэг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд төв зам дагуу гэхээс илүү алслагдсан газруудад түлшний цэг байгуулах шаардлагатай байгааг тус дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлж байлаа.
Сүхбаатар дүүргийн хувьд 356 тонн давс, 176 тонн бодисын нөөцтэй бол Чингэлтэй дүүрэгт тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн аж ахуйн нэгж хийдэг. Давс, бодисын нөөц хангалттай байгаа аж.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Гэр хорооллын 8900 өрхөд 29 цэгт түлшний борлуулж байна. 300 өрх тутамд нэг цэг гэж тооцсон. Өнгөрсөн цаснаар гурван бригад, 93 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 40 тонн давс, 10 тонн орчим бодис цацлаа” хэмээсэн бол Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн “Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна. Сайжруулсан түлшний борлуулалтын 42 цэг ажиллаж байгаа. Цас орсонтой холбоотойгоор дүүргийн хэмжээнд дөрвөн байгууллага ажиллаж, 65.5 тонн давс цацсан” гэдгийг хэллээ.
Хотын дарга дүүргийн Засаг дарга нарыг зохион байгуулалтад орж, бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов.
САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ БОРЛУУЛАЛТЫН 520 ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд өвөлжилтийн бэлтгэл, сайжруулсан шахмал түлшний чанар, тээвэрлэлтийн талаар удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой дөрвөн чиглэлээр үүрэг хүлээн ажиллаж байна. Үүнд сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт, тээвэрлэлт, борлуулалт, хяналт шалгалтын ажил багтаж байгаа. Одоогийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоон шугам, зүүн үйлдвэрийн дөрвөн шугамаар хоногт 2000 тонн түлш үйлдвэрлэж байна. Цаашид хоёр шугам нэмнэ. Түлшний 116 мянган тонн нөөцтэй. Түлшний тээврийг 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгслээр хийж байна. Энэ жил борлуулалтын 670 цэг нээхээр төлөвлөснөөс өдгөө 520 цэг ажиллаж байгаа. Цаашид үе шаттайгаар 150 цэгийг нээнэ” гэсэн бол “Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Мишээл түлшний нөөц болон үйлдвэрлэлт хэвийн байгааг тодотгож байв.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 620 ГАРУЙ ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногт хяналт шалгалтаар 38,308, теле камераар 27,086 зөрчил илрүүлсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1189 зөрчлийг таслан зогсоож, арга хэмжээ авлаа. 19 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан. 44 явган зорчигч зам тээврийн осолд өртөж, гурван хүн нас барсан” хэмээв.
Нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Өнгөрсөн 14 хоногт 21 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногийн мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан. 6811 зөрчил бүртгэгдсэн нь 47.4 хувиар буурсан үзүүлэлт” гэв. Мөн залилах гэмт хэрэг цахим хэлбэрт шилжиж, өсөх хандлагатай байгааг хэлж байлаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 98 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 620 гаруй иргэнийг аварч, 32.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1524, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 173, нийт 1703 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар өссөн үзүүлэлт. Мөн нийслэлийн захын гурван дүүрэгт цасанд суусан 21, эрэн хайх, аврах ажиллагааны гурван дуудлагад 108 албан хаагч, 24 машин, техниктэйгээр ажиллаж, 263 автомашиныг цаснаас гарган, 608 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
БАЙГУУЛЛАГУУДЫН ОЙР ОРЧМЫН 50 МЕТР ХҮРТЭЛХ ТАЛБАЙН ЦАС, ХОГ ХАЯГДЛЫН ЦЭВЭРЛЭГЭЭНД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Дугуй цагаан, АСЕМ, Богдын музей, Төв цэнгэлдэх хүрээлэн гэх мэт байршлын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх.
- Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлэх ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Сайжруулсан шахмал түлш тээвэрлэх, борлуулах, нөөцлөлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/1349 дүгээр захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийн зардлын хэмнэлтийг хэрэгжүүлж, төсвийн сахилга бат, хариуцлагыг чангатгах, үргүй зардлыг багасгаж, нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
- Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжих ажлаа эрчимжүүлэх.
- “Digital city” төслийн хүрээнд хийж байгаа хэсгийн ахлагч, онлайн бизнес төв, E-school, хүүхдийн автобусны техникийн шийдлүүдийг нэвтрүүлэх төлөвлөгөө боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
- Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах.
- Замын хөдөлгөөний нэгдсэн төслийн ажил болох /RFID/ системийн угсралт, суурилуулалтын ажилд дэмжлэг үзүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, орон сууц, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх үйл ажиллагаанд тавих хяналтыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болгов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР