Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотод суралцаж буй Хөвсгөл аймгийн оюутан залуучуудад зориулсан ажлын байранд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох арга хэмжээг 10 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож “Төрөөс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримталж буй бодлого”-ын талаар танилцуулсан бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хэлтсийн дарга Д.Билгүүдэй хэлэлцүүлэгт үндсэн панелистаар оролцож, их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч нарт зориулсан цагийн болон цалинтай дадлага хийх боломж болон төгсөөд хувиараа хөдөлмөр эрхлэх, хөдөлмөрийн харилцаанд оролцоход шаардлагатай зарим мэдээллийг хуваалцлаа.
Мөн арга хэмжээний үеэр нээлттэй ажлын байрны үзэсгэлэнд 526 ажил олгогч цахимаар болон танхимаар оролцон 2490 нээлттэй ажлын байр зарласнаас 190 оюутан төгсөгч цагийн болон байнгын ажлын байранд зуучлуулахаар бүртгүүлсэн байна.