Умайн хүзүүний хавдрын эсрэг вакциныг ирэх жилээс ТОВЛОЛТ ВАКЦИНД ОРУУЛНА

2022 оны 10-р сарын 21 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
033j0

ДЭМБ-ын 2021  оны тоо мэдээгээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569 847 эмэгтэй өвчилж, 311 365 эмэгтэй энджээ.

Монгол улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэйчүүд умайн хүзүүний  хавдраар нас бардаг ба  тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал хавдраар эндэж буй  12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.

Умайн хүзүүний хорт хавдрын гол эрсдэлт хүчин зүйл нь хүний папиллома вирус (ХПВ) бөгөөд умайн хүзүүний хорт хавдар үүсгэх шалтгааны 99,7 хувийг эзэлдэг байна.

Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажил Монгол улсад 2011-2012 онуудад хийгдэж 10,000 гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж муйхарлан эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дунд  хуурамч, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийн вакцинжуулалт зогссон байдаг.

2019 онд Хавдрын үндэсний зөвлөлийн тэргүүн доктор Б.Цэцэгсайхан нарын судлаачид дээрх онуудад вакцин хийлгэсэн 10000  орчим иргэдэд дагах судалгааг хийж олон улсын томоохон сэтгүүлд хэвлүүлсэн  бөгөөд судалгааны үр дүнгээр 75-аас дээш хувиар вирусын халдвараас хамгаалж буй нь нотлогдсон бол 2011 онд энэхүү вакцинжуулалтыг хийсэн Их Британи улс умайн хүзүүний хавдрыг 95 хувь бууруулж чадсанаа өнгөрсөн онд зарлаад байна.

Гэтэл вакцин эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүсийн буруу шатаа мэдээллээс болж өнгөрсөн онд гэхэд 157 эмэгтэй, сүүлийн  10 жилийн хугацаанд умайн хүзүүний хавдраар 2500 гаруй иргэд хорвоог орхисон нь харамсалтай. Одоогоор 4300 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын хяналтад байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-ын Эрдэмтэдийн зөвлөлөөс 2022 оны 4-р сард зөвлөмж гарсан бөгөөд НЭГ тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-аас дээш хувь байгаа тул НЭГ тунгаар хийх зөвлөмж гаргасан байна.

Энэ вакцин нь дэлхий дахинд хамгийн үнэтэй вакцины тоонд ордог бөгөөд Монгол улс НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр маш хөнгөлөлтэй үнээр 10,000  тун вакциныг авах боломжтой болсон зэрэг таатай мэдээ сүүлийн үед сонсогдох боллоо.

ХПВ-ийн эсрэг вакциныг дэлхийн 150 гаруй улс нэвтрүүлснээс 120 гаруй улс орон Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрт тусган нэвтрүүлж эхэлсэн бол 2022 онд 13, 2023 онд 18 улс орон нэвтрүүлэхээр болжээ.

Харин Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2023 оноос тус вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх