Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: “Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидна

2022 оны 10-р сарын 11 өдөр, 16 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol mus

“Чингис хаан” хаад, язгууртны музейг нээх ёслол 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.

Музейд:

  • Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);
  • Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);
  • Их Монгол Улс;
  • Монголын Их эзэнт улс;
  • Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);
  • Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);
  • Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна.

Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр бөгөөд үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх музейн нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эрхэм хүндэт зочид, эрхэм нөхөд өө,

Ерөөл бэлгэ, өлзий учрал тэгш дүүрэн бүрдсэн энэ сайхан өдөр Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэн гавьяа, үйл хэргийг алдаршуулж, суу алдрыг мөнхжүүлэх зорилгоор, даяар Монголын ариун гал голомт, улсын нийслэл Улаанбаатар хотноо “Чингис хаан” хаад, язгууртны музейг нээж, далай их өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Та бид хуран цуглаад байна.

Энэ жил монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадраан, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсаа байгуулж, монгол үндэстний суу алдрыг дэлхий дахинд тунхаглан мандуулсан Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн тэгш ой тохиож байна.

Их эзэн Чингис хаан Монголын төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан аугаа их хаан билээ.

Эзэн хаан, түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт Ази, Европын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил, тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоож, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэн, оюун санаа, шашин шүтлэг, худалдаа арилжаа, соёл, урлаг, шинжлэх ухаан хийгээд тухайн үеийн хүний нийгэм хөгжин дэвжих таатай нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.

Дэлхийн улс түмэн үнэт зүйлсээ харилцан хүлээн зөвшөөрч, олон соёл иргэншил, шашин шүтлэг зэрэгцэн орших учиртайг анхлан мэдрүүлж, хүн төрөлхтний хөгжилд онцгой гавьяа байгуулсан Их Эзэн Чингис хааны түүхэн үйл хэргийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн.

2005 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гаргаж байсан билээ.

Чингис хаан бол дэлхийн олон үндэстэн, ард түмний энх тайвны төлөө тэмцэж, тив, дэлхийд амар амгаланг цогцлоон, хүн төрөлхтний өмнө аугаа үйл хэргийг бүтээсэн их хүмүүн хэмээн олон улсын түүхчид, эрдэмтэн судлаачид онцлон тэмдэглэдэг юм.

Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадынхаа үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Эзэн хаанаараа овоглосон хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдэлж явах учиртай ариун үүрэг мөн.

Ийм учраас Төрийн тэргүүн зарлиг буулгаж, монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн дээдэлж, Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залж, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсан билээ.

Өнөөдөр та бидний өмнө сүндэрлэн байгаа “Чингис хаан” хаад, язгууртны музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань эх орон, ард түмэн, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах, аугаа түүхт монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидаж, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Цаашид Монгол төр, бидний ирээдүй болсон үр хүүхэд, хойч үеийнхэн маань Их хаадынхаа үйл хэргийг улам бүр үргэлжлүүлэн судалж, сурталчлан таниулж, Монгол түмний их бүтээн байгуулалт, бахдал омогшлын бэлгэдэл болсон музейг өргөтгөн, үзмэр, үйлчилгээ, сан хөмрөгийг нь арвижуулан баяжуулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан түүхийн музей, олон улсын судалгааны төв болгон хөгжүүлэх учиртай.

2019 оны Монгол Улсын Засгийн газрын 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах шийдвэр гарсан цаг мөчөөс өнөөг хүртэл дэлхий нийтийг хамарсан цар тахлаас авахуулаад хүндрэл, бэрхшээл олонтоо тохиолдсон ч музейг богино хугацаанд барьж ашиглалтад орууллаа.

Монголчууд бид оюун ухаан, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө нэгтгэн эрч хүчтэй хамтран ажиллаж чадвал  ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг  гэдгээ энэ түүхэн бүтээн байгуулалтаар бас дахин нотлон харууллаа.

Монголын түүхэнд тодоор бичигдэн үлдэх энэ түүхэн музейг бүтээн байгуулах их үйлсэд оройлон зүтгэж, сэтгэл зүтгэлээ зориулан манлайлан оролцсон эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, барилгачид, инженер, техникийн ажилчид, баялаг бүтээгчид, төрийн албан хаагчид, Соёлын яам, тус музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага, хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, чин сэтгэлийн халуун баяр хүргэе.

“Чингис хаан” хаад язгууртны музей Чингис хаан судлалын олон улсын гол төв болж, их хаадын суу алдрыг дэлхий дахинаа үеийн үед түгээн дэлгэрүүлж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Эзэн Богд Чингис хааны хүндэтгэлийн өргөө- “Чингис хаан” хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөж, алтан босгыг мялаан албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна.

Мөнх тэнгэрийн хүчин дор Их Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх