Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, тамхи, архи, муудсан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, ойр орчмын 50 метр доторх талбайг цэвэрлэдэггүй зэрэг зөрчил дутагдалтай ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх арга хэмжээг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Дүүргийн хэмжээнд нийт 535 ТҮЦ байна. Эдгээрээс эхний ээлжинд 16 ТҮЦ-ийг нүүлгэж, хулгайгаар тог цахилгаан хэрэглэсэн 29 ТҮЦ-ийн цахилгааныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран хязгаарласан бол 1, 2, 7, 26, 41 дүгээр хороонд байрлах 20 ТҮЦ-т нүүх шаардлагыг гардуулаад байгааг Баянзүрх Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.
Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу эхний ээлжид яаралтай нүүлгэх шаардлагатай 70 ТҮЦ байгаагаас эхний ээлжинд шаардлага өгсөн 20 ТҮЦ-ийг албадан нүүлгэж журмын хашаанд байрлуулах шийдвэрийг ажлын хэсгээс гаргалаа.
Автобусны буудал дээр зорчигчид зогсож автобус хүлээх хэсэгт ТҮЦ олноор байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөл бүрдээд байгаа талаар болон хууль бус худалдаа эрхлэх, орчны бохирдол үүсгэж байгаа талаар иргэд хэлж, удаа дараа гомдол гаргасаар байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.