УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Станфордын их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2022 оны 09-р сарын 21 өдөр, 11 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
483867a7d5ffc1b7eddd8e2fc563395f_x3

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Станфордын их сургуулийн Жозеф Д.Грант тэргүүлэх профессор, Станфордын гепатит болон элэгний эдийн инженерчлэлийн тѳвийн захирал, эрдэмтэн Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Алтанхүү, “Оном” сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээний гүйцэтгэх захирал Д.Наранбаатар, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү нартай уулзлаа.

АНУ-ын Засгийн газраас дэлхий нийтэд нүүрлэж буй цар тахлын үеийн бэлэн байдал тэр дундаа вирусийн эмчилгээний чадамжийг дээшлүүлэх санаачилгыг (ViRx@STANFORD) хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү санаачилгын хүрээнд  цар тахалд хүргэж болзошгүй төрөл бүрийн вирусийн эсрэг эмчилгээг судалж хөгжүүлэхээр ажиллаж байгааг уулзалтын эхэнд ноён Жеффри С.Гленн танилцуулав.

Монгол Улсад элэгний В, С, Д вирусийн тархалт өндөр, үүнээс үүдсэн элэгний хатуурал, элэгний хорт хавдрын нас баралт дэлхийн дунджаас өндөр байгаа. Сүүлийн жилүүдэд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд гепатитын С вирусийн эмчилгээ нэвтэрснээр гепатитын С вирусийн шалтгаант элэгний хатуурлын нас баралт эрс буурсан. Гэвч манай улсын тухайд гепатитын В, Д вирусийн хавсарсан халдвар нэн тулгамдсан асуудал болоод байгааг УИХ-ын дарга хэлсэн үгэндээ дурдлаа.

АНУ-ын Станфордын их сургуулийн профессор Жеффри С.Гленн сүүлийн 30 жилийн турш элэгний В, Д вирус, элэгний хорт хавдрыг эмчлэх эмийн хөгжүүлэлт дээр ажиллаж байгаа талаараа танилцуулав.

Уулзалтын үеэр талууд В, Д вирусийн эмчилгээг монголд нэвтрүүлэх,  элэгний хорт хавдрын орчин үеийн эмчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар  ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх