ХНХ-ын сайд Д.Сарангэрэл паралимпын тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ

2022 оны 09-р сарын 16 өдөр, 16 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5cc663ef8aa39b3a6638a64bf6cbd466
Өнөөдөр Монголын Үндэсний Паралимпын өдөр тохиож байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд татан оролцуулах, спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих, амжилт гаргасан паралимпын тамирчдаа алдаршуулах зорилготой “Монголын паралимпын өдөр” -ийн баярын хурал Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Азийн Паралимпын Хорооны ерөнхийлөгч Мажид Рашид, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, Олимп, Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ нар арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл, “БНХАУ-ын Засгийн газартай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Спорт цогцолборыг барьж байна. Та бүхэн олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах спорт заал, фитнес заал, жудо бөх, хүндийн өргөлт, таеквондо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрөлд хичээллэн амжилтаа улам бүр ахиулах боломж бүрдэх юм” гээд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зүгээс паралимпын тамирчдаа бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Монголын паралимпын тамирчид Австрали улсын Сидней хотноо болсон Зуны паралимпын 11 дүгээр наадмаас эхлэн паралимпын наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” Зуны паралимпын 13 дугаар наадамд манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр оролцож байт харваагаар тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртэж байсан билээ. Энэхүү түүхэн өдөр буюу 09 дүгээр сарын 14-нийг Монголын үндэсний паралимпын өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон юм.
Пара спортод сэтгэл зүрхээ зориулан амжилт гаргасан зарим тамирчид болон дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа.
Өнөөдрийн арга хэмжээнд Монголын үндэсний паралимпын хороо, пара спортын холбоодын төлөөлөл, дасгалжуулагчид, тамирчид, тив дэлхийд төдийгүй, олимпод амжилттай оролцож эх орныхоо нэрийг мандуулсан алдартнууд оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх