“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлууд өнөөдөр ажлаа хүлээлцэж, хамт олондоо талархал дэвшүүлэн амжилт хүслээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал болон үйлдвэрийн газрын бүтцийн нэгжийн удирдлагууд, уурхайчин хамт олны төлөөлөл оролцлоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группын даргаар томилогдсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж, Г.Ёндонг томилсон тогтоолыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл энэ үеэр уншиж танилцуулав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олонтой хамтарч ажилласан зургаан жилийн хугацаа түүхэн он жилүүд байсныг онцолсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хоногт 8.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 3.4 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэн ажиллалаа. Энэ нь 2016 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт юм. Энэ онд ч үйлдвэрлэл, эдийн засгийн хүлээгдэж буй гүйцэтгэл сайн гарна гэдэгт итгэл төгс байна гэж хэлэв.
Энэ том үйлсийг бүтээлцсэн бахархлын эзэд, Эрдэнэт үйлдвэрээр овоглосон 7000 гаруй уурхайчдадаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж, санасан ажил нь саадгүй бүтэж, амжилт бүтээл дүүрэн байж, хөгжин дэвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гээд ажлаа хүлээн авсан Г.Ёндон захиралд амжилт хүслээ.