Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс (БНАЛАУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний симпозиум өнөөдөр (2022.09.07) Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд зохион байгуулагдлаа.
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний симпозиумыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, хоёр улс найрамдалт харилцааны 60 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсролын салбарын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлж ирсэн. Тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, харилцан туршлага солилцож ирсэн гэдгийг онцлов.
Тэрбээр, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал, тээвэр логистикийн хүндрэл бэрхшээл тулгардаг ч боломжит хэлбэрээр хамтран шийдэж ирсэн арвин туршлагатай. Энэ уламжлалаа өнөөгийн шинэ нөхцөлд нийцүүлэн өргөжүүлэн хөгжүүлэх нь чухал хэмээн тэмдэглэв. БНАЛАУ нь Монгол Улсын эртний анд нөхөр бөгөөд манай хоёр улс уламжлалт түүхэн харилцаатай. АСЕАН-ы гишүүн БНАЛАУ-ыг манай улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш хэмээн бид үздэг. Манай хоёр улс найрсаг харилцаа хамтын ажиллагааны хүрээнд харилцан ашигтай ажиллах зарчмаар улам бүр өргөжин бэхжиж байгааг тэмдэглэхэд таатай байна гэлээ.
Түүнчлэн өнөөдрийн симпозиумын үеэр өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны туршид хийж бүтээсэн ажлыг дүгнэж, цаашид олон чухал асуудлыг хөндөнө гэдэгт итгэлтэй байгаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн Батлан хамгаалах, аюулгүй байдлын байнгын хорооны дарга, Үндэсний Ассамблей дахь Лаос-Монголын парламентын бүлгийн дарга Вонсаг Пантавон, манай хоёр орны харилцаа түүхэн 60 жилийг тууллаа. Энэ урт хугацаанд БНАЛАУ, Монголын ард түмэн ахан дүүсийн найрсаг харилцаатай, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж байна. Хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад таатай байна гэлээ.
Тус эрдэм шинжилгээний симпозиумд “Монгол Улс, БНАЛАУ-ын харилцааны нэгэн жаран” /Түүх ба орчин үе/ сэдвээр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, Б.Цэнгэллхам, “БНМАУ-аас БНАЛАУ-д үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн түүх” /Найрамдал эмнэлгийн жишээн дээр/ сэдвээр ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Орчин үеийн Монголын түүх судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Мягмар, “Хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа, цаашдын хөгжил” сэдвээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, “Монгол-Лаосын боловсролын салбарын хамтын ажиллагаа ба ХААИС” сэдвээр доктор, профессор Т.Хэрүүга нар илтгэл тавьсан.
Эрдэм шинжилгээний симпозиумд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсаас БНАЛАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Бямбасүрэн, тус улсад томилогдон ажиллаж байсан үе үеийн Элчин сайд нар, БНАЛАУ-ын төлөөлөгчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.