Монгол Улсын Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг

2022 оны 08-р сарын 30 өдөр, 14 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5b05be43-b935-45b9-b4ed-4a258bfb1414

  Эрхэм сайд нар аа,

Монгол төрийн гүйцэтгэх дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, Засгийн газрын гишүүнээр томилогдон Улсын Их Хуралд тангаргаа өргөсөн Төрийн сайд нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Та бүхэн өргөсөн тангаргаа ёсчлон биелүүлж, Монгол эх орон, Монголын ард түмний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэж, Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахиж ажиллахыг Та бүхнээсээ хүсье.

Эрхэм сайдууд Та бүхэн бараг бүгдээрээ ард иргэдийнхээ итгэл хүндэтгэл, захиас даалгаврыг өвөрлөж, “ард түмний засаглах” эрхийг төлөөлөн Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд.

Улсын Их Хуралд сонгогдсоныхоо дараа Монгол Улсаа хөгжүүлэх, салбарын хөгжлийн бодлого, зорилтуудыг тодорхойлох үүрэгтэй Байнгын хороодын даргаар хоёр жил гаруй ажилласан хүмүүс дийлэнх нь байгаа.

Тиймээс яамны ажилтай танилцах, үйл ажиллагаатай нь дасан зохицох, дадлага туршлага хуримтлуулах тухай ойлголт байхгүй. Ажилдаа шууд орж, тулгамдсан асуудлаа шуурхай шийдвэрлэж, иргэд олон нийтийн хүсэн хүлээж байгаа үр дүнд богино хугацаанд хүргэнэ гэдэгт итгэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож буй Дашзэгвийн Амарбаясгалан Танд Засгийн газрын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэх чиглэлээр яам хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг сайтар хангах чухал зорилт тавигдаж байна.

Улаанбаатар хотын автомашины түгжрэл, замын төлөвлөлт, засвар арчлалт, агаар орчны бохирдол анхаарал татсан, ужгирсан асуудал болоод удаж байна. Үүнийг шийдвэрлэх шинэ гарц гаргалгааг олж, ялангуяа төвлөрлийг сааруулах, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлж, орон нутагт эрх мэдлийг олгож бодит үр дүнд хүргэх, Нийслэлийн Засаг даргатай гар нийлэн ажиллах чиглэлд мэдэгдэхүйц ололт амжилтад хүрнэ гэдэгт Жамъянхорлоогийн Сүхбаатар сайд Танд бид итгэж байна.

Улсын Их Хурлын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ Та бол парламентад 5 удаа сонгогдсон, Монгол төрийн тулхтай, тууштай, дархан түшээ хүн. Спорт бол Таны амьдралын замнал. Тиймээс иргэдийнхээ эрүүл чийрэг амьдралын нөхцөл боломжийг бүрдүүлэх, спорт, олимпизмийн үйл хэргийг Монголд түгээн дэлгэрүүлэх, спортоор дамжуулан Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд мандуулах үйл хэрэгт томоохон хувь нэмэр оруулна гэдэгт Танд найдаж байна.

Монгол Улсын хөгжлийн бодлого урт хугацаанд, тогтвортой үргэлжилж байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал билээ. Хөгжлийн томоохон зорилтуудаа цаг алдалгүй шийдвэрлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт, иргэдийн сайн сайхан амьдралын нөхцөлийг хангаж, Монголоо шинээр сэргээн мандуулах нь энэ цаг үеийн хамгийн эрхэм чухал зорилт болж байна. Үүнд шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн яам манлайлах чиг үүрэгтэй гэдгийг алхам тутамдаа санаж ажиллахыг Чимэдийн Хүрэлбаатар гишүүнээсээ хүсье.

Зам дагаж хөгжил ирдэг нь дэлхий нийтэд нэгэнт тогтсон ойлголт. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд тодорхой ахиц дэвшил, амжилт ололтод хүрч байгаа ч шийдэгдээгүй асуудал, иргэдийн дургүйцэл бухимдлыг төрүүлсэн цөөнгүй асуудлууд байгаа. Монголоо дэлхийд гаргах нэг гарц болсон төмөр замын бүтээн байгуулалт, иргэний нисэхийн салбарын шинэ зорилтуудыг хангахад Сандагийн Бямбацогт гишүүн Та онцгой анхаарч ажиллах шаардлагатай шүү гэдгийг захиж хэлье.

Монгол Улсаа олон тулгуурт эдийн засагтай болгох нь бидний нэн тэргүүний зорилт. Гэхдээ уул уурхай манай эдийн засагт хамгийн том нөлөө үзүүлэх, жин дарахуйц салбар байсаар байх нь ойлгомжтой. Монгол хүн Монголын баялагтаа эзэн байж, үр өгөөж нь Монголынхоо хөгжил дэвшил, Монгол хүний сайн сайханд зориулагдах Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэх эрхэм чухал үүрэг Жамбалын Ганбаатар гишүүнд ногдож байна.

Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн гол тулгуур багана нь эрчим хүчний хараат бус байдал юм. Энэ салбарт шийдвэл зохих тулгамдсан асуудал нэлээд бий. Дутагдаж буй хүчин чадал, цаашдаа хүндрэл учруулж мэдэх асуудлуудаа нэн даруй шийдвэрлэх, сэргээгдэх болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг амжилттай эзэмших төрийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд шинэ дэвшил гаргана гэж үзэж Баттогтохын Чойжилсүрэн гишүүн Танд энэ салбарыг даалгаж байна.

Монгол бол эрдэнэт мал сүргээр арвин, үржил шимтэй, өргөн уудам газар нутагтай орон. Малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн ашиглах, малчдын амьжиргаа, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, экологийн хувьд эрүүл хүнсээр иргэдээ хангаж, улмаар экспортлогч улс болох, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал” хийх зорилтыг үр дүнд хүргэх томоохон зорилтыг хэрэгжүүлэх ажлыг удирдах хүндэт үүрэг Хаянгаагийн Болорчулуун гишүүн Танд ногдож байна.

Цахим үндэстэн болох нь бидний ойрын үеийн, нэн чухал зорилтын нэг. Монгол Улс дэлхийгээс хоцорч болохгүй. “Цахим Монгол”, “Цахим парламент” зэрэг томоохон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх, их өгөгдөл, инновацыг ашиглах, бүтээх шинэ эриний зорилтыг залуу гишүүн Ням-Осорын Учрал маань үр дүнд хүргэж чадна гэдэгт итгэж байна.

Хүн бүр хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн үр шимээрээ элбэг хангалуун амьдардаг Монголыг цогцлоох, зайлшгүй шаардлагатай иргэддээ төрийн халамж, хамгааллыг оновчтой хүртээдэг байх, “Халамжийг биш, хөдөлмөрийг шүтдэг” үндэстэн болох том зорилт манай туршлагатай парламентч Даваажанцангийн Сарангэрэл Танд ногдож байна.

Энэ мэтээр шинээр томилогдож буй Сайд бүхэнд Шинэ сэргэлт хийж, Шинэ Монголын Шинэ ирээдүйн замыг тавих түүхэн чухал үүрэг хариуцлага хүлээлгэж буйг ухамсарлаж ажиллахыг Та бүхнээсээ хүсье.

Энэхүү томилгоог эрх мэдэл, нэр хүнд биш, Төрөө цэгцлэх, Засгаа засах, Улсаа мандуулах үүрэг хүлээсэн томилолт хэмээн ухамсарлаж ажиллаарай.

Итгэл хүлээлгэсэн Засгийн газрын тэргүүнийхээ түшиг нь, гүйцэтгэх засаглалынхаа багана нь, Улсын Их Хурлын өмнө төрийн хууль, төрийн бодлогыг ягштал хэрэгжүүлэгч байж, амжилт бүтээл арвин, ахиц дэвшил дүүрэн ажиллахын ерөөлийг Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Улсын Их Хурал Та бүхний ажлыг дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж ажиллах болно.

Ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх