Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин 2022 оны 8 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 8 жилийн дараа Монгол Улсад хэрэгжиж буй айлчлал бөгөөд манай улсын “гуравдагч хөрш”, худалдаа, хөрөнгө оруулалтын чухал түнш БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно.
Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гадаад хэргийн сайд Пак Жин-ийг тус тус хүлээн авч уулзахаар төлөвлөж байна.
Уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх стратегийн яриа хэлэлцээний механизмыг бэхжүүлэх, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.