Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 23-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөний дагуух Зэлтэр, Эг Хэнтий нуруунаас эхтэй Туул, Балж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн байна.
Харин Хэрлэн голын эхээр мөн Зэлтэр Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна.
Маргааш буюу 24-нд Туул гол Лүн сум, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчмоор усны түвшин 5-10 см нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Иймд дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар явж байгаа иргэдийг үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.