Чехийн алдарт хийлч Яраслов Косианы нэрэмжит 64 дэх удаагийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд 1 дүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн 5 дугаар ангийн сурагч А.Хулан, 3 дугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, 3 дугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Б.Насанжаргал нарт “Олон улсын уралдаанд амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” Засгийн газрын тогтоолын дагуу батламж гардуулж, мөнгөн шагнал олголоо.
А.Хулан, Н.Гүнзээ нарын мэргэжлийн багш Д.Галбадрах 2002 онд Хөгжим Бүжгийн Коллежийг төгссөн бөгөөд Швед улсын Хааны хөгжмийн их сургууль, АНУ-ын Бостон хотын Консерваторыг төгсөж ирээд 2017 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн багшаар ажиллаж байна.
Сурагч Б.Насанжаргалын мэргэжлийн багш Ж.Энхтуяа нь 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын Уралын Хөгжмийн дээд сургуулийг төгсөөд өнөөг хүртэл хийл хөгжмийн багшаар ажиллаж байгаа бөгөөд шавь нараа дотоодын болон олон улсын тэмцээнд амжилттай бэлтгэн оролцуулахаас гадна Монгол, ОХУ, БНСУ, Италид болсон олон улсын хийлчдийн уралдаанд удаа дараа шүүгчээр уригдан ажиллаж байсан туршлагатай багш нарын нэг юм гэж Соёлын яамнаас мэдээллээ.