БНСУ-ын “Korea Housing Builders Association” Монгол Улсын барилгын салбарт хамтран ажиллахаар судалж байна

2022 оны 08-р сарын 17 өдөр, 14 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
299084724_774473756932476_4461036165151265571_n

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Дэд ерөнхийлөгч Д.Энхтөр, Удирдах зөвлөлийн Зөвлөх гишүүн Ц.Өнөржаргал, Гүйцэтгэх захирал Л.Хулан нар нь БНСУ-ын Орон сууцны барилгачдын ассоциацийн Ерөнхийлөгч Пак Ги Вон болон тус ассоциацийн гишүүд, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар БНСУ-ын “Korea Housing Builders Association”-ийн Ерөнхийлөгч Пак Ги Вон нь өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулаад хөгжил буурай Азийн улс орнуудад хямд өртгөөр хэрхэн ард иргэдийг орон сууцжуулах талаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болон судалгаа шинжилгээний хүрээлэнгийн талаарх мэдээллийг өглөө.

Харин МБҮА ТББ нь барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй барилгын салбарыг тэргүүлэгч томоохон хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч, реалтор, барилга угсралт, архитектур, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч чиглэлийн компаниудын үндэсний бүтээн байгуулагчдыг сайн дурын үндсэн дээр нэгтгэж, гишүүддээ, нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг буюу Барилга, хот байгуулалтын Сайдын тушаал, Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох” үйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэлийн хамтаар гүйцэтгэн хэрэгжүүлж байгаа салбарын, мэргэжлийн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн том нэгдэл болох манлайлагч төрийн бус байгууллага гэдгийг Ерөнхийлөгч Н.Баярсайхан танилцуулсан юм.

Энэ уулзалтаар Монгол Улсад шинээр бүтээн байгуулагдаж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд дээр БНСУ-ын “Korea Housing Builders Association”-тай Монгол Улсын барилгын салбарт тулгамдсан асуудлуудаар хамтарсан судалгааны ажлуудыг зохион байгуулах, Бүтээн байгуулалтын чиглэлээр БНСУ-д хэрэгжүүлсэн тэргүүн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх, Монгол Улсын Барилгын зах зээл, хөрөнгө оруулалтын боломжийг тодорхойлж хамтын ажиллагааг өрнүүлэх, “Улаанбаатар уулзалт-2022”-ыг өргөжүүлж Сөүлийн уулзалтыг мөн адил зохион байгуулж, хэвшүүлэх тал дээр хамтран ажиллахаар санамж бичиг үзэглэлээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх