Соёлын яамнаас зохион байгуулж буй “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутамд улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулна гэж заажээ. Энэ хүрээнд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болж буй юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
“Соёлын салбар авьяас, мэдлэгт суурилсан эдийн засгийн бие даасан салбар болж чадсан цагт л үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодит илэрхийлэл, хөгжил дэвшлийн суурь болох боломж бүрдэхийг дэлхийн жишээ нотлон харуулсаар байна. Үүнийг бид соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж тодорхойлдог.
Оюун санаа, соёл урлаг бол хил хязгаар, орон зайнаас үл хамаардаг хэзээ ч үл шавхагдах баялаг. Тийм ч учраас дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн тэргүүлэх чиглэл болж, жил бүр 2.2 их наяд ам.долларын баялаг бүтээж, 30 гаруй сая хүнийг ажлын байраар хангаж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна.
Гэтэл манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байгаа нь дэлхий дахины хөгжлөөс хоцорсон туйлын хангалтгүй үзүүлэлт, олон жил соёл урлагийн салбарыг дэмжээгүй орхигдуулсны үр дүн юм.
Монгол Улс далайд гарцгүй орон. Харин соёл урлагийн салбараар дэлхийд гарцтай болох бүрэн боломж бий. “The Hu” хамтлаг үндэсний урлаг, соёл, түүхээрээ дэлхий дахинд шинэ давлагаа болон алдаршиж, эх орноо сурталчлан таниулж байна.
Монгол Улсын Засгийн газраас соёл урлагийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, дэлхийд соёлын экспортлогч орон болохын тулд бүхий л дэмжлэгийг үзүүлж, уран бүтээлчид та бүхэнтэй хамтран ажиллана” гэв.
Бүс нутгийн хэмжээнд “нүүдлийн” тодотголтой соёлын фестиваль, наадам 2007 оноос хойш зохион байгуулагдаж, олон улс орныг хамарч байгаа тул Монгол Улс цар хүрээг нь өргөтгөн, олон улсын фестиваль хэлбэрт оруулжээ. Фестивальд нийслэл болон 21 аймгийг хамарсан 1400 гаруй шилдэг оролцогч, өвлөн уламжлагч 3 хүрээ, 30 өртөө дамжин соёлын өв, өөрсдийн орон нутгийн онцлог бүхий соёлын өвөө сурталчлан танилцуулах юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 11100 орчим соёлын биет бус өв тээгчид байдаг. Үүнээс Засгийн газрын 2019 оны тогтоолоор 102 өвлөн уламжлагчийг Үндэсний жагсаалтад бүртгэжээ. Соёлын яамнаас соёлын биет бус өвийг хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотойгоор энэ жил бүсчилсэн судалгааны ажлуудыг эхлүүлжээ.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль
энэ сарын 12-14-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болж байна.