Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт 30 га газрыг нөхөн сэргээв

2022 оны 08-р сарын 12 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
62f5bddf8c81e851e4148739

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Тэдгээрт өдөрт дунджаар 3000 тонн хог хаягдал төвлөрүүлдэг бөгөөд энэ хэмжээ улам бүр нэмэгдсээр байгааг мэргэжилтнүүд хэлж байна.  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-аас Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутагт орших Нарангийн энгэр, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт орших Цагаан давааны хогийн цэгийг үе шаттайгаар хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг 2020 оноос эхлүүлсэн юм.

Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2007-2009 онд байгуулсан бөгөөд тус хогийн цэгийг Япон улсын буцалтгүй тусламжийн хүрээнд хог дарж булах талбайн хөрсөнд бохирдол нэвчдэггүй давхарга үеийг хийж өгснөөрөө онцлог юм. Мөн Японы стандарт жишгийн дагуу хог хаягдлын ялзрал, шүүрлээс үүдэн бий болдог бохир шингэн зайлуулах хэвтээ хоолойнуудыг суулгасан байдаг.  Харин Цагаан давааны хогийн цэгийг 2011 онд бий болгосон бөгөөд хотын зүүн болоод төвийн бүсийн айл өрх, аж  ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг төвлөрүүлдэг томоохон хогийн цэг юм. Тус хогийн цэгт 2011-2020 онд 16 га талбайд 20 метр өндөр, 3.5 сая куб метр буюу 2.8 сая тонн хог хаягдлыг төвлөрүүлсэн байна.

НӨХӨН СЭРГЭЭСЭН ТАЛБАЙГ  ЦААШИД ХЭРХЭН АШИГЛАХ ТАЛААР Ч ЯРИЛЦАЖ БАЙГАА

Нарангийн энгэрийн хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр найман га, 2022 онд дөрвөн га, нийтдээ 20 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм. Харин Цагаан давааны хогийн цэгт 2020, 2021 онд тус бүр дөрвөн га, 2022 онд хоёр га, нийт 10 га талбайг нөхөн сэргээжээ. Ландфил технологийн дагуу хийгдэж буй хог булах, газрыг нөхөн сэргээх ажлын явцын талаарх мэдээллийг газар дээрээс нь бэлтгэн хүргэж байна.

Улаанбаатар хотын ЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга М.Чинсанаа:

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ 2020 оноос эхлэн Нарангийн энгэр, Цагаан даваан дахь төвлөрсөн хоёр хогийн цэгт хог дарж булах ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийт 30 га талбайн хогийг дарж булан, нөхөн сэргээн, зүлэгжүүлэх ажлыг хийсэн. Энэ жилийн хувьд Цагаан давааны хогийн цэгт хоёр га, Нарангийн энгэрийн хогийн цэг дээр дөрвөн га талбайд ландфил хийсэн. Цагаан давааны хогийн цэг нийтдээ 98 га талбайг эзэлдэг. Дахин хог хаях боломжгүй болтлоо дүүрсэн хэсгүүдэд нь ландфил технологиор хог булж, газрыг нөхөн сэргээж байна. Нөхөн сэргээсэн талбайг  цаашид хэрхэн ашиглах вэ гэдгийг ч ярилцаж байна. Хог булсан газрыг зүлэгжүүлж, ургамал тарьж буй хэдий ч барилга барьж, бүтээн байгуулалт хийх боломжгүй. Тиймээс хөл бөмбөгийн талбай болгон ашиглах зэрэг боломжит хувилбарыг ярьж байна. Гэхдээ хамгийн түрүүнд булсан хогноос ялгарч буй метан хийг байгальд хоргүй байдлаар шатаах талаар холбогдох төрийн байгууллагууд болоод гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагуудтай ярилцаж судалж байгаа.

-Нийслэл Улаанбаатар хотын хувьд хог боловсруулах үйлдвэр хэзээ баригдах бол?

-Улаанбаатар хотын хэмжээнд Цагаан даваа, Нарангийн энгэрт Эко паркийн төлөвлөлтийг хийсэн. Төлөвлөсний дагуу олон улсын донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэд хэдэн үйлдвэр баригдаж байгаа. Мөн хогийг эргэлтэд оруулж дахин боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгаа. Энэ чиглэлээр ажиллах хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, газрыг нь олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх бодлогыг барьж байна. Нарангийн энгэр, Цагаан даваанд хог ангилан ялгах, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, Морингийн даваанд хатуу хог хаягдлыг эргэлтэд оруулах чиглэлийн үйлдвэрүүдийг барьж байгуулахаар ажиллаж байна гэлээ.

ХОГ БУЛСАН ТАЛБАЙ АТАРШИЖ, ЭРҮҮЛ ГАЗАР МЭТ САЙХАН БОЛЖ БАЙНА

Цагаан давааны хогийн цэгийн нөхөн сэргээх ажлын гүйцэтгэгчээр “Улаанбаатар шинэчлэл” ХХК ажиллаж буй юм. Тус компанийн ерөнхий захирал М.Түвдэндорж:

-Улаанбаатар хотын ЗАА-тай хамтран сүүлийн гурван жилийн турш хогийг ландфилийн аргаар дарж булах ажлыг гүйцэтгэж ирлээ. 2020, 2021 онд хог дарж булсан талбайнууд маань ургамал ногоогоор хучигдсаныг та бүхэн харж байна. Энэ талбай жил ирэх тусам атаршиж, хогийн цэг байгаагүй, эрүүл газар юм шиг сайхан талбай бий болсон байна.

-Хог булах ландфилийн аргыг дэлгэрүүлэн тайлбарлаж болох уу. Хогийг хэдий хэр гүнд булдаг вэ?

-Хогийг газрын гүнд 60 см-ээс 1.2 метр, зарим хэсэгт 1.5 метр хүртэлх гүнд байгалийн хөрс нягтаршуулж, дээр нь 30-40 см хар шороо татаж, үр цацдаг. Гурван жилийн хугацаанд 10 га газрыг нөхөн сэргээгээд байна. Газрын гүнд хуримтлагдсан хийг гадагшлуулах үүрэгтэй метан хоолой, цооногийг гүнд 3-4 метрт суурилуулсан. Хог хаягдлыг жалга, гуу газарт ландфил технологиор дарж булж байгаа нь ирээдүй хойчдоо хийж буй буянтай үйл гэдгийг онцолмоор байна. Ер нь бол цаашдаа хогийг дарж булах биш боловсруулах үйлдвэр барих нь зүйтэй санагддаг гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх